Сзифийн чулуу хийгээд эдийн засаг
Альбер Камюгийн Сзифийн чулуу гэдэг айхтар өгүүллэг байдагсан. Сзиф нэг том бул чулууг өнхрүүлээд арайхийн оргилд нь аваачих гэж байтал өнөөх нь эргээд өнхөрчихдөг. Ахиад л мань хашир дээш нь өнхрүүлнэ. Буцаад л бэл рүүгээ өнхөрчихнө. Утга зохиолын экзистенциалист урсгалыг бий болгосон гэгддэг энэ өгүүллэгийн бодит жишээ Монголын эдийн засагт тохиогоод байна. Юу ч хийгээд нэмэргүй. Хийсэн болгон нь эргээд бэл рүүгээ өнхрөөд байдаг ийм л эдийн засгийн тогтолцоог бий болгочихож. Уул уурхайн орлого гэдгээс өөрийг мэдэхээ больсон төсөв яг л өрөөстэй даалуу шиг ар араасаа налан унаж байна.
1
Засаг нь яаж ч чаддаггүй, бас хүчирдэггүй. Ганц найдвар нь УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байж хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох хууль батлах болж байх шиг. Намууд нь далдуур талцаад үзэж тарж байна. УИХ-д аль нь ч олонхи болж чадаагүй болохоор арга байж уу. Эдийн засгаа огтоос тоодоггүй эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцэл бүхий ээлжит бус чуулган хуралдах нь тодорхой. Засгийн газар огцрох нь ч бараг тодорхой. Алтанхуяг нь байна уу хэн нь байна уу уг нь бараг хамаагүй. Тэртэй тэргүй шал дордчихсон төсөв болчихоод байна шүү дээ. Эдийн засаг гайгүй байхад нүүрээ барж гэмээн олж ирсэн Чингис бондын хөрөнгө бараг байхгүй болчихлоо. Бөөн өр л үлдсэн. Хятад нүүрс авахгүй гээд гэдийчихсэн. Цахилгаан дулааны үнэ тэнгэрт гарчихсан. Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, валютын ханш өдөр тутам нэмэгдсээр байгаа энэ аймшиг эцэстээ юунд хүргэхийг төсөөлөхөд нэг их толгой орохгүй дээ.
1
Муу амлаж байгаа юм биш. Байдал хүндэрсэн. Хөрөнгө оруулалт 80 хувиар буураад байна. Өнөөдөр “Дисковер Монголиа” чуулга уулзалт эхэлнэ. Өнгөрсөн жил 50 орчим орны 1000 орчим төлөөлөгч оролдцож байсан бол энэ жил 500-гаадхан төлөөлөгч оролцоно гэж мэдүүлгээ өгсөн байна. Гадаадад нэр нүүрээ алдаагүй маань энэ гэж үү. Уул уурхайн салбар зогсонги байдалд орж, Монголын хууль эрх зүйн болон татварын орчин чангарч, хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгээд байгаа нөхцөл байдалтай холбоотой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.
1
Ерөнхий сайд аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг хага цохино гэдэг шиг худлаадаа орооцолдоод ухаанаа ч олохоо байж. Болдог бол долоо хоног бүр мэдээлэл хийдэг Засгийн газрын цагаа болимоор ч юм шиг. Түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр тэгтлээ уначихаад байгаа юм уу гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Дэлхий хавтгай болсон энэ цаг үед хаанаас ч ханшийн мэдээг олж үзэж олно. Ердөө л бид аргаа олохгүй байгаагийн тод илрэл. Баялгийн хараал, голланд өвчний нян үржээд эдийн засгийг бүхэлд нь үгүй хийгээд байгаа юм. Хоёрхон хөрштэй, хоёр том зах зээлтэй хэрнээ аргыг нь эвтэйхэн олоод баялгаа үнэ хүргэчихэж чадахгүй байгаа толгой дээрх нөхдүүдийн буруу. Нэг нь нүүрс авахгүй гээд гэдийчихэд нөгөө рүү нь импортолж чаддаггүй байгаа нь буруу биз дээ. Татвар төлөгч бид яасан гэж гэмтэн болох ёстой юм. Худалдааны төв шатлаа, хадгаламж зээлийнхэн, банк дампуурлаа гээд л татварынхаа мөнгөөрөө төлж л суудаг. Хаашаа янзын гэнэн ард түмэн гэхээр ийм байдаг байна даа.
1
Овоо өгсүүлж эхэлсэн Сзифийн чулуу ингээд л бэл рүүгээ унаж байгаа юм даа. Эргээд өнхрүүлэхэд бид бултаараа л зүтгэнэ. Хэдхэн нөхөр уруудуулаад бултаараа өгсүүлээд байж ер нь болох уу даа.
1
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ