“Алтан гөрөөс” яруу найргын фестиваль маргааш эхэлнэ

img

“Алтан гөрөөс” яруу найргын фестиваль маргааш Хэнтий аймагт эхлэх гэж байна. Энэ талаар өнөөдөр Монголын зохиолчдын эвлэл болон Шинэ мянган утга зохиолын нэгдэл мэдээлэл хийлээ.

“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн наадам энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд наадмын хүрээнд Монголын зохиолчдын эвлэл, Бельгийн вант Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Паул Ван Воувэ болон утга зохиолын “Хөх Мэдрэхүй” бүлгэм хамтран “Алтан гөрөөс” уншлагыг ч зохион байгуулахаар болжээ.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ наадамд Франц, ОХУ, БНХАУ,Япон, БНСУ зэрэг орны 10 орчим уран бүтээлч Ж.Мөнхбат, А.Эрдэнэ-Очир тэргүүтэй Монголын 20 гаруй яруу найрагч оролцох гэнэ. Энэ хүрээнд Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай нуурын ойролцоо их зохиолч Д.Нацагдоржийн төрж өссөн гэрийн бууринд хүндэтгэл үзүүлж, Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуур, Батширээт, Дэлгэрхаан зэрэг сумынханд шүлэг яруу найргаа уншин, түүхийн дурсгалт газруудаар аялахаар болсон байна.

Сонирхуулахад, буддын гүн ухаанд байгалийг гөрөөсөөр төлөөлүүлдэг болохоор байгальд зохиогдох наадмыг  ийнхүү “Алтан гөрөөс” хэмээн нэрлэсэн гэнэ шүү.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ