
УИХ-аас өнгөрсөн гуравдугаар сард Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан бөгөөд дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулийн үзэл баримтлалын дагуу хуульчийн мэргэжлийн стандартыг батлан, сахиулж ажиллах байгууллага нь мэргэжлийн өөрөө удирдах ёс бүхий Хуульчдийн холбоо байхаар заажээ. Хуульд заасны дагуу Хуульчдын холбооны товыг хууль хэрэгжүүлэгчийн хувьд Хууль зүйн яам хариуцан зохион байгуулахаар болсон бөгөөд тус яамны сайдын тушаалаар өнөөдөр хуульчдын анхдугаар их хурал 14.00 цагаас Төрийн ордонд хуралдах гэж байна
Нийт бүртгэгдсэн 4551 хуульчаас 500-г нь их хуралд төлөөлөн оролцох бөгөөд тэдний 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 40 хувь нь өмгөөлөгчид, үлдсэн 20 хувь нь эдгээрээс бусад хуульчдийн төлөөлөл байх юм.
Хуульчдын анхдугаар их хурлаар Хуульчдын холбоогоо байгуулах бөгөөд Хуульчдын холбооны дүрэм батлах, мэргэжлийн дүрэм батлах, холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох, холбооны ерөнхийлөгчийн сонгох, холбооны зөвлөлийн гишүүнийг батламжлах, мөн Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ