Хэлмэгдэгсдийн гэр бүлийнхний нийгмийн асуудалд анхаарна
Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон, хилс хэргээр хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, гэр бүл, үр хүүхдэд нь хүндэтгэл үзүүлдэг. Манай улс энэ өдрийг 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга О.Лхагвацэрэн энэ өдрийг тэмдэглэхтэй холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.
.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хэргийг шалгах, цагаатгах, нөхөх олговор олгох ажил үргэлжилж байна. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт хадгалагдаж байгаа, шалгагдаагүй үлдсэн хэргүүдийг тус газрын Мөрдөн байцаах хэлтсээс үргэлжлүүлэн шалгаж, цагаатгах үндэслэл бүхий иргэдийн асуудлыг цагаатгуулахаар Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлж, эцэслэн шийдвэрлүүлж байна. Энэхүү шалгах ажиллагааны явцад сүүлийн 4 жилийн байдлаар 6131 иргэний хэргийг бүрэн шалгасан бөгөөд түүний дотор 2013 оны эхний 8 сард 378 хүний хэргийг шалгажээ. Үлдэж байгаа хэргүүдийг энэ оны эцэс гэхэд бүрэн шалгаж дуусгахаар ажиллаж байна. Улсын Дээд шүүх, Ерөнхий прокурорын газар эхний 8 сарын байдлаар 95 иргэнийг хилс хэргээс цагаатгаад байгааг комиссын дарга О.Лхагвацэрэн мэдээллээ.
.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болох 17584 хүнд 16 тэрбум 326 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг төрөөс олгожээ. Энэ оны эхний 8 сард гэхэд 30 иргэн 26.5 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна. Цаашид хэлмэгдсэн хүмүүсийн гэр бүл, үр хүүхэд ач зээ нарын нийгмийн асуудалд анхаарах юм байна. Энэ сарын 10-нд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх, хэлмэгдэгсдийн музейг үнэ төлбөргүй үзүүлэх, автомашинууд тухайн өдрийн 11-13 цагийн хооронд гэрлээ асааж хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ