Парламент цонхолсон цагаар

img

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буйг өглөө, оройдоо сэрүүсэх тэнгэр хангай дохиогоо өгч байна. Тиймээс ч хот суурингийнхан шугам сүлжээний засвараа дуусгах, малчид хадлангаа базаах, тариаланчид ургац хураалтаа шуурхайлах, оюутан сурагчид хичээл, сургуульдаа жигдрэх гээд хүн бүр л дор бүрнээ хөдөлж эхэллээ. Харин төрийн түшээд маань хаагуур явна вэ.

6

Улсын баяр наадамтай уралдан хаврын чуулганаа завсарлуулсан гишүүдийн хөл хөдөлгөөн эдүгээ ч төрийн ордон хавиар ховор үзэгдэнэ. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нь сонгогчдод ямар нэг хувийн амлалт өгөхийг хориглосон нь үнэндээ “нүдээ олсон” заалт болсон гэж хааяа олзуурхдаг шүү. Учир нь хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд Төрийн ордны баруун, зүүн хаалган дээр иргэд сонгосон гишүүнтэйгээ уулзахаар “манан” зогсч байдагсан. Гишүүдийн туслахуудын ажил ч их, ордон руу нэг орж, нэг гарч ирэн цаас барьж гүйлдээд л.  Ерөнхийдөө туслахуудыг ажилд “дарчихдаг” байсан гэх үү дээ. Учир нь сонгуулийн сурталчилгааны үеэрээ өөрийг нь сонговол гээд баахан юм амалчихдаг, ам гарчихдаг байсан. Тиймээс л дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд сонгогчид ч гишүүдийнхээ араас нэхэл хатуутай хөөцөлддөг байж. Харин одоо нэгэнт амлалтыг хаасан болохоор сонгогчид сонгосон гишүүнийхээ араас гүйхээ байж. Нөгөө талаас гишүүдтэй уулзах хүсэлт гаргадаг иргэдийн тоо ч цөөрсөн харагддаг юм. Энэ нь мөн л өнөөх хуулийн заалттай холбоотой болов уу.

6

Эдүгээ Төрийн ордон хааяахан зохион байгуулагдах чуулга уулзалт, хурал цуглааныг эс тооцвол эль хуль байна. Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар, ажлын алба, гишүүдийн туслах, Засгийн газрынхан  дор бүрнээ өрөө өрөөндөө нам гүмхэн ажлаа явуулна. УИХ-ын гишүүдийн хувьд хичээл нь завсарлаж, цонхлоод байгаа тул амрах нэг нь амарч, биеэ тордох нь тордож яваа. Хэдийгээр хичээл нь цонхлоод байгаа ч улс оронд тулгамдсан асуудал үүсч ээлжит бус чуулган зарлах шийд гараад буй энэ үед бэлдэж санаа зовж байгаа нь тун цөөнхөн байх шиг.

6

Ээлжит бус чуулганыг энэ сарын 16-нд хуралдуулахаар товлоод байгаа. Ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудал, хуулийн төсөлдөө бэлтгэж байгаа гишүүд гэвэл зарим байнгын хорооны дарга нар ажлын хэсгийнхэнтэйгээ өрөө өрөөндөө хуралдаж байх шиг байна. Энэ долоо хоногт Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нарын ахалсан ажлын хэсэг хуралдлаа.   Ирэх долоо хоногт ч байдал энэ хэвээр үргэлжлэх бололтой. Бусад гишүүдийн хувьд ээлжит бус чуулганыг хүртэл амралтаа үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой. Гишүүдийг хурлаа завсарлуулан гадаалж байх зуур манайд хөрөнгө оруулагчид хуралдаж, Монголд хөрөнгө оруулах уу, болих уу гэдэг эргэлзээндээ хариулт авах гээд саатаж байна. Хамгийн гол нь тэд Хөрөнгө оруулалтын тогтвортой орчны баталгааг биднээс “шаардаад” байгаа юм.

6

Харин энэ орчныг тогтвортой байлгаж, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэх эрхэм түшээд маань энэ зуур ажлын бус амралтын байдалтай байгаа нь цагаа олоогүй ч зүйл гэлтэй.  Хаврын чуулганы завсарлагааны хугацаагаар л  хөрөнгө оруулагчид чуулдаг шүү дээ гэж өмөөрөх нэгэн гарах л байх. Гэхдээ энэ удаад хөрөнгө оруулагчдын  зүгээс  манай талд үл итгэсэн, эргэлзэж тээнэгэлзсэн өнгө аяс, уур амьсгал илт анзаарагдаж байгаа. Цаг үеийн нөхцөл байдал ч эдийн засгийн хүндрэл,  хууль эрхзүйн орчныг шинэчлэн батлахаар хэлэлцэж буй үе.  Засгийн газрын боловсруулж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл гадныхны төдийгүй дотоодын аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг татаж, хорхойг нь хүргэж байгаа нь мэдээж. Иймээс л өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтаа бодолцсон эрхэм гишүүдэд хэлэлцэн шийдвэрлэх асуудал ар араасаа овоорч байна даа.

6

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
нээрээ юмны үнэ нэмэгдээд байдаг_цалин хөлс бахь байдгаараа л байна.муусайн луйварчид та нар төрийн мөнгөөр... татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаад мэдэхгүй байгаа байх даа...ард түмний амьдрал хүнд байна.яагаав нөгөө амлаад байсан эдийн засгийн өсөлт,амьжиргааны түвшин өндөр болно.жаргана гээд байсан.муу хэлээд байсан МАН-ын үед дэлхийн эдийн засаг хямрахад бид зүгээр гарсан.гэтэл одоо харин монголд л хямрал болж байна.Энэ новшийн худалч засгийн газрыг,ерөнхийлөгч гэгч Мянгуужингийнхан хамт огцруулбал таарна шүү АН-ынхан_
2013-09-08
Монгол:
Эрхэм гишүүд ард олноосоо тасарч тэдний санаа бодлыг сонсохоо больсон юм чинь хэн тэдэнтэй уулзаж цаг заваа дэмий үрэхийг хүсэх юм бэ.Сэтгүүлч буруу бичжээ.Дараагийн бичлэгтээ засах хэрэгтэй.
2013-09-08
qwertyi:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-07
доржоо:
албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагднаааааа. Үнэхээр төрийн ордон руу орж цонхоор нь хархад... Пөөх цонхоор нь харсан чинь юу вэээ. гадаадын үнэтэй машинууд холхилдоол, ганган ганган залуус гоолиг сайхан хүүхнүүд өмнө хойгуургүй холхиол, хаашаа ч харсан өндөр сүрлэг шил толь болсон барилгууд сүндэрлээл нар хурц шараал, тэнгэр цэв цэлгар харагдаал, би өөрөө тэнгэрт нисээд ч байгаа юм шиг. Нөгөө ЖИ-хорооллын талаар залуус шаааааал худлаа дуулдаг юм шиг санагдаад байдаг шүү. монголд амьдрал сайхан байгаа юм бишүү. Харин нөгөө гэр хороолол байдаггүй юм байнлээ. ядуус, гуйлгачин энгийн бор наймаачид, эгэл жирийн ажилчид малчид ер монголд байдаггүй юм шиг ээ.
2013-09-07