Боловсролын салбарт чиглэсэн гомдол их иржээ
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д наймдугаар сарын 30-нээс есдүгээр сарын зургааны хооронд 1082 санал ирсэн байна. Үүний дийлэнхийг боловсрол, эрүүл мэнд болон нийслэл хоттой холбоотой асуудал эзэлжээ. Дунд сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасны хангалтын талаар асуултад БШУЯ-наас тайлбар хийсэн байна. Олон хүүхэдтэй, амьдралын түвшин доогуур, хагас болон бүтэн өнчин гэр бүл хэд байгаа талаар судалгаа хийж байгаа аж. Энэ жилийн хувьд шинэ дүрэмт хувцас өмсөх, хуучин дүрэмт хувцсаа өмсөх, өөр дүрэмт хувцас өмсч болох гэсэн гурван сонголттой шийдвэр гарчээ. Мөн их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг заавал бүрэн төлсөн тохиолдолд хичээл сонгох эрхийг олгож байгаа юм байна.Үүнийг зохицуулж, сургалтын төлбөрийг хувааж төлөх боломж байна уу гэсэн асуултад хичээл сонголтын программ мөнгө төлсөн тохиолдолд идэвхиждэг учраас сонгосон кредит, цагийнхаа төлбөрийг заавал төлсөн байх шаардлагатай гэж хариулжээ.
.
Мөн цэцэрлэгийн хүүхдүүдээс шаардаж байгаа зүйлүүд нь хэтэрхий их байна гэсэн санал хүсэлт цөөнгүй ирсэн байна. БСШУ-ны сайдын тушаалаар батлагдсан "Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт" дагуу 13 төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн, зургаан төрлийн ариун цэврийн хэрэгслийг эцэг эхчүүдээс авдаг байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ