Хилийн бүсийг түймрээс хамгаалахад хойд хөрштэй хамтрана

img

Монгол, ОХУ-ын Засгийн газар хооронд "Ойг түймрээс хамгаалах тухай" хэлэлцээр байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Хил орчмын нутагтай, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, учрах хохирлыг багасгах, түймэртэй тэмцэхэд хамтран ажиллахад энэ хэлэлцээр чиглэгдэх юм.
Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг ОХУ-ын Буриад улстай 1248 км, Хөвсгөл, Завхан, Увс аймаг Тува улстай 587 км, Дорнод, Хэнтий аймаг Өвөр Байгалийн хязгаартай 355 км, нийт 2190 км ой, хээрийн бүсээр хоёр улс хиллэдэг. Хилийн энэ шугамаас дотогш 10 км өргөн зурвасыг талууд түймрээс хамтран хамгаалах бүс гэж тогтоосон байна.   Сүүлийн жилүүдэд Монгол-Оросын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр олон удаа гарсан үүний улмаас 2006-2009 онд Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Завхан аймгийн улсын хилийн дагуух бүс нутгаар 39 удаагийн түймэрт 4 сая орчим ой, хээрийн талбай шатаж, 5,4тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Иймд хилийн цаана гарсан түймрийг цаг алдалгүй унтраах, хамгаалалт хийх зэрэг арга хэмжээ авч, улсын хилээр нэвтрүүлэхгүй байх ажлыг тогтмол хэрэгжүүлэх юм. Хэлэлцээрт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд Оросын талаас Ойн аж ахуйн агентлаг, Монголын талаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яам тэргүүтэй төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд гол үүрэгтэй ажиллана. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ