
Умард Атлантын эвслийн 13 орон Сирийн дайнд оролцохгүй гэсэн бол АНУ-ын гол холбоотон Британи ч мөн татгалзсан. Америкийн иргэд дайнаас татгалзаж байна. “Нэгдсэн улс-дэлхийн цагдаа биш” гэсэн үг гарах дээрээ тултал хэлэлцэж байна. Ирак, Афганистанд явуулсан дайн цус, зардлаас өөр ашиггүй байсан. Тагнуулын худлаа баримтад үндэслэсэн. Өнөөдөр магадгүй Ирак, Афганистанд алдсан алдаа л Сирид өгөх цохилтыг хэд хоногоор ухраасан ч Их-20-ийн 11 орон НҮБ-ын зөвшөөрөлгүй байсан ч Америкийн цохилтыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Сенатын байнгын хороо дайныг дэмжсэн одоо зөвхөн Конгрессийн шийдвэр үлдээд байна. Конгресс зөвшөөрөхгүй байсан ч Барак Обама дайн хийхээ мэдэгдээд байгаа билээ. АНУ ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн Башар Асадтай тооцоо хийнэ гэж байгаа ч үнэндээ Оросын ерөнхийлөгч Владимир Путиний хэлснээр тусгаар улс руу довтлох эрхийг зөвхөн НҮБ л шийдэх эрхтэй. В.Путин Обамад хандаж Нобелийн энхтайвны шагналтай гэдгийг ч хэвлэлээр дамжуулан сануулаад авлаа. Гэвч дэлхийн хоёр том улсын цаана геополитик, эдийн засгийн тэмцэл явагдаж байгаа нь хэнд ч нууц биш.
Ажиглагчид Газар дундын тэнгисийн дорнод хэсэг дэх хийн ордод тавих хяналттай Сирийн дайныг шууд холбон үзэж байна. Америкийн санал болгосон хий дамжуулах хоолой Nabucco төслийг саная. Хүрээлэн байгаа орчинд халгүй хийн түлшний араас АНУ Оросоос арай л хоцорч санаа тавьсан ч энэ хоолой Азербайжан, Турк, Болгар, Чех, Хорват,Словен, Итали хүрэх байв. АНУ Ираныг ч Nabucco-той холбох төлөвлөгөөтэй. Харин Туркийн Эрзурумд хий хадгалах байгууламж барихаар төлөвлөсөн.
Кремль ч мөн адил Сирийн эрчим хүчний нөөцөд тавих хяналтаа алдахыг хүсэхгүй. Тиймээс ч Хятад, Орос хоёр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хоёронтаа хориг тавьсан. Үүнээс гадна Сирид Оросын Тэнгисийн цэргийн бааз байрладаг. Энэ нь ЗХУ задарснаас хойш хилийн чанадад байгаа цорын ганц стратегийн бааз газар. Мөн Оросын зэвсгийн үйлдвэрлэлд экспорт хэрэгтэй. Саяхан оросууд “Калашников корпораци” байгуулсныг ч мартаж болохгүй. Энэ бол зэвсгээ илүү өргөн хэмжээгээр борлуулна гэсэн үг. Оросод бас өөр хэнд ч бай мөнгө хэрэгтэй.
Хэн Сирийг хянаж чадна тэр Ойрхи Дорнодыг бүхэлд нь хянана гэсэн үг зүгээр ч нэг гараагүй нь тодорхой.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ