Хотод хөрөнгө оруулалтаар хийх ажлыг нэг л бодлогоор гүйцэтгэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хотод хийх хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулдаг мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, энэ жил хотод хийх хөрөнгө оруулалтын ажлыг нэг л бодлогоор, нэгтгэн гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл зам тавих, цахилгаан, дулааны шугам солих ажлыг тус тусдаа дуртай өдрөө биш, хэзээ хаанаас аль ажлаас нь эхлэх вэ гэдгийг хамтран зураг дээр нь ярилцаж, нарийн график гаргаж хийнэ. Өмнөх жилүүдийнх шиг зам зассаны дараа эвдээд шугам сүлжээний ажил хийдэг байдал энэ жилээс хойш давтагдахгүй хэмээн тэмдэглэн хэлсэн. Газарт хийгдэх бүх ажлын сүүлд замын ажил эхлэх болохоор график, цаг хугацааг хатуу мөрдөх ёстой. Хэн нэгэн хүний юм уу, байгууллагын буруугаас зассан, шинээр тавьсан зам, ногоон байгууламжийг эвдэхэд хүрвэл буруутай нь хөрөнгөөрөө байсан хэмжээнд нь болгох болно. Ингэж чадахгүй бол ажлаа чаддаг хүнд нь өгөх тухай л ярих болно шүү хэмээн хатуу анхааруулан, үүрэг өгсөн. Хотын мэргэжлийн байгууллагууд, инженерүүд өнөөдрөөс эхлэн энэ ажлын зурагныхаа ард хамтран сууж төлөвлөгөө боловсруулна. Харин гуравдугаар сарын 1 гэхэд бүх тендерүүд зарлагдаж дууссан байх ёстой.
Гэр хороололд хийх гэрэлтүүлгийг газар дээр нь шийднэ Хотын мээр дээрх уулзалтын үер чухалчилсан асуудлуудын нэг нь гэр хорооллын болон хотын гэрэлтүүлэг. Улаанбаатар хотын гэрэлтүүлгээс Эрээнээс авчирдаг чанар муутай, хуучин технологийг халж бар улсын хамгийн сүүлийн үеийн технологийг оны сүүлээс эхлэн хэрэглээд байгаа. Өнөө жил үргэлжлэх энэ ажлыг хийх компаниудыг шалгаруулахдаа дүүрэг бүрийг нэг л хамт олонд хариуцуулна. Өмнө нь хотын бүх гэрэлтүүлгийг хариуцдаг байсан Гэрэлтүүлэг чимэглэл компани давуу эрхээрээ дүүргээ өөрөө сонгоно, түүнээс биш даахгүй нохой булуу хуруудаг гэдэг шиг хуучин байдлаараа хотын гэрэлтүүлгийг бүхэлд нь хариуцахгүй.
Харин гэр хороололд хаана ямар гэрэлтүүлэг хийх вэ гэдгийг хотын дарга мэргэжлийнхээ хүмүүстэй хамт газар дээр нь очин үзээд, зөвлөлдөж байж шийднэ.
Зам нөхөхгүй, шинээр барина Хотод замын нөхөөс гэдэг ажил 2011 оноос хийхгүй .Цаг, мөнгө үрж, нүд хуурсан энэ ажлаас татгалзана гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр мэргэжлийн байгууллагуудынхаа удирдлагуудтай уулзахдаа хэлсэн. Өөрөөр хэлбэл хотод өнөө жил дандаа шинэ зам тавина. Ирж очихдоо үгээ бардаг зуслангийнхан ч шинэ замтай болно. Хотын түгжрэлийг арилгасан замуудыг гэр болон орон сууцны хороололууд дундуур хэд хэдээр нь барихаар төлөвлөжээ.
Бид өргүй, дансандаа мөнгөтэй Бид дандаа өртэй, мөнгө яаж босгоно доо гэж шинэ оныг эхэлдэг байсан. Энэ жил тийм биш шүү. Одоо манай дансанд 10 тэрбум төгрөг байна. Санхүү, төрийн сангийн хэлтсийнхэн маань сайн ажиллаж зөв хуваарилалт, тооцоо хийсний үр дүнд ийм амжилтанд хүрлээ. Тэгэхээр ажиллаад байх болно доо хэмээн Хотын мээр нийслэлийн удирдлагууд, хөрөнгө оруулалтын ажлыг гардан зохион байгуулах мэргэжлийнхээ хүмүүст хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ