Үүнээс 30 мянган айл утаагүй зуух хэрэглэж байна
“Цэвэр агаар” төслөөс үнийг нь хөнгөлсөн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэгч өрхийн тоо 11 дүгээр сарын 15-ны мэдээгээр 40 мянгад хүрч байна. Нэг өрх дунджаар дөрвөн гишүүнтэй гэж үзвэл Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг нийтийн үйлсэд 160 гаруй иргэн бүртгүүлэн, бодитой хувь нэмрээ оруулж байгаа юм. “Цэвэр агаар” Улаанбаатарын 6 дүүргийн 50 хороонд хэрэгжиж байна. Төслийн анх хэрэгжиж эхэлсэн Чингэлтэй дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороонд борлуулалт дуусч, айл өрх үндсэндээ 80 хувь хамрагджээ. Чингэлтэйн 13, 14 дүгээр хороон дахь борлуулалт 11 дүгээр сард хаагдах бол энэ дүүргийн 7 дугаар хороонд шинээр нээж байна. Сүхбаатарын 9, 11, Хан-Уулын 9, 10 дугаар хороодод борлуулалт 11 дүгээр сард эхэлсэн юм. Хямдарсан үнээр борлогдсон дөч орчим мянган бүтээгдэхүүний гучин шахам мянга нь утаа багатай зуух. Үлдсэнийг нь гэрийн сайжруулсан бүрээс, үүдний гонхны борлуулалт эзэлж байна. Мянганы Сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл “Хас”, “Өлзий”, “Дөл”, “Голомт” гэсэн дөрвөн төрлийн утаа багатай зуух, 17 үйлдвэрлэгчийн сайжруулсан бүрээс, нэг компанийн үүдний гонх худалдан авахад 45-77 хувиар үнийг нь хөнгөлж татаас олгож байгаа билээ.
Бага мөнгөөр илүү дулаан өвөлжиж буй айл өрхийн тоо өмнөх сартай харьцуулахад гурав дахин нэмэгдээд байна. Өдөрт дунджаар хагас мянган айл утаагүй зуухны галыг шинээр асааж байна. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь нүүрсний үнэ өссөн, хүйтний эрч чангарсантай холбоотой. Буруу ашиглалтаас үүдсэн ганц хоёр тохиолдол гарсан ч иргэд ам сайтай, бие биедээ хэмнэлт, хэрэглээнийх нь ач холбогдлыг хэлж нотолж өгч байна. Цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх Засгийн газрын шийдвэр давхан урамшуулал болж, эрэлт хэрэгцээг өсгөж байна” гэж “Цэвэр агаар” төслийн зуухны мэргэжилтэн Г.Батмэргэн хэллээ.
Зуух, бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагууд үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хүчин чадлаа нэмж, уртасгасан цагаа ажлаа зохион байгуулж байгаа ч ачаалал ихтэй байна. Хүсэлтээ гаргаж, нэхэмжлэлээ өгсөн айл өрхийн захиалгыг барагдуулах талаар хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт хариуцсан байгууллагуудын уялдаа холбоо, хүчин чадлыг сайжруулах талаар “Цэвэр агаар” төслөөс анхаарлаа илүү хандуулж байгаа ажээ. Төлөвлөсөн 70 мянган зуух, бусад бүтээгдэхүүнийг борлуулан нийлүүлэх ажилд эхний сайн мэдээний цуврал гарч эхэлсэн байна. Нийслэлийн агаарын чанарын албанаас “Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад агаар дахь азот, хүхэрлэг хийн үзүүлэлт үзүүлэлт 3-15 дахин буурсан” тухай мэдээлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ