
Холливудын жүжигчин Анжелина Жоли “Оскар”-ын шагнал гардуулах үеэр Жин Хершолтын нэрэмжит нэр хүндтэй шагнал хүртэнэ гэж “Пипл” сэтгүүл мэдээлжээ. Жүжигчний хүмүүнлэг үйлсэнд оруулсан хувь нэмрийг үнэлж дээрх шагналыг олгож байгаа аж. Жоли НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын сайн дурын элч төлөөлөгчөөр ажилладаг. Дүрвэгсдийн эрхийг хамгаалах хүрээнд Кени, Таиланд, Эквадор, Судан, Косово, Ангол, Шри-Ланк, Иордан зэрэг оронд ажиллаж байв. Хершолтын шагнал бол Жолигийн киноакадемиас хүртэж байгаа хоёр дахь “Оскар” юм. Анжелина 2000 онд энэ шагналыг шилдэг туслах дүр номинацид авч байв.
Хершолтын нэрэмжит шагналыг 1956 оноос эхлэн олгож байгаа. Анжелина Жоли 36 дахь шагналтан болох юм.
Америкийн кино урлагийн академи ирэх онд тус салбарт оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж жүжигчин Анжела Лэнсбери, зураач Пьер Този нарт шагнал олгохоор шийдвэрлэжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ