
НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Того Улстай энэ сарын 6-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ.
Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Того Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Коджо Менан нар гарын үсэг зурсан байна. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан мэдээг НҮБ-д бүртгүүлж, НҮБ-ын гишүүн орнуудад танилцуулахыг хүсч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд Монгол, Бүгд Найрамдах Того Улсын Байнгын төлөөлөгчид хамтарсан захидал мөн илгээжээ.
Бүгд Найрамдах Того Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна. Тухайлбал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр хоёр дахь удаагаа ажиллаж буй Бүгд Найрамдах Того улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцан туршлагаа хуваалцаж, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ