Бүтээн байгуулалт хаана, хэрхэн өрнөж байна вэ?

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бүтээн байгуулалтын цаг”-ийг сайд нартайгаа нээлттэй хийдэг уламжлалтай. “Бүтээн байгуулалтын цаг”-ийн ээлжит уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж Зам тээврийн болон Барилга хот байгуулалтын, Эрчим хүчний сайд болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийж, Ерөнхий сайдын тавьсан асуултад хариуллаа.

 6

12 дахь уулзвар ашиглалтад оржээ

Өнгөрсөн долоо хоногт Сайншандыг нийслэлтэй холбосон хатуу хучилттай авто замыг нээснээр энэ жил дуусгах хуваарьтай зургаан аймгийн хоёр  нь бүрэн ашиглалтад орлоо. Үлдсэн дөрвөн аймгийн замын газар шорооны ажил дуусч, одоо өнгөн хучилт хийж байна. Нийслэлд Мишээл экспо, 1-р хорооллын хойд зам, Сонсголонгийн замын ажил ид өрнөж байна. “Гудамж” төслийн хүрээнд Циркийн хойд, 25 дугаар эмийн сангийн урд, ТЭЦ-3-ын урд, Гэмтлийн эмнэлгийн арын уулзваруудын шинэчлэл эхэлсэн. Өнөөдөр Тасганы овооны уулзварыг нээснээр 12 дахь уулзвар бүрэн ашиглалтад орлоо. Нисэхийн замын нэг урсгалыг нээсэн, Цонжинболдог руу тавьж буй замын хөдөлгөөнийг энэ сарын 15-нд нээнэ гэж холбогдох албаныхан мэдээллээ. Замын эвдрэлийн үндсэн шалтгаан болдог ус зайлуулагч, шингээгчийг шинэ замуудад шаардлага тавьж бүрэн суурилуулан хүлээн авч байгаа бол хуучин замуудад нэмж суурилуулж эхэлсэн. Иймд цаашид нийслэлийн авто замын нас уртасч, чанар сайжирна гэж Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ.

 7

Дүрэмт хувцасны нийлүүлэлт хугацаанаасаа 7 хоног хоцорчээ

Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх үйлдвэрлэлийн салбаруудаас сүүний фермийн нэг төслийн ажил эхэлсэн. Ноос, ноолуурын гурван төслийг ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. Гурван ээлжээр өндөр ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч сурагчдын дүрэмт хувцасны нийлүүлэлт графикт хугацаанаас 7 хоногийн хоцролттой явна. Газар тариалангийн салбарт ургац хураалт эхэлсэн, сүүлийн өдрүүдийн цочир хүйтрэл ургацад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэв.

 7

ТЭЦ-3 станцтай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлж байна

Эрчим хүчний салбарт энэ онд ТЭЦ-3 станцтай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт хийж буйг М.Сономпил сайд онцоллоо. Шинээр ашиглалтад оруулсан Салхитын цахилгаан станц болон дулааны хоёр станцын өргөтгөлийн хүчин чадлын нэгдсэн дүнг тооцоход ТЭЦ-3 станцын одоогийн гаргаж буй 148 MBT чадлаас давсан эх үүсвэр болж байгаа юм. Ирэх жилүүдэд босох станцуудын ажил урагшилсан нь том ахиц юм. Дараа оны намар ашиглалтад орох Амгалангийн дулааны станц гэхэд л Дарханыхаас хоёр дахин илүү эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлнэ, ажил нь гараанаас хөдөлсөн ТЭЦ-5 станц шинээр барих үйлдвэр, орон сууцуудыг цахилгаан, дулаанаар хангах найдвартай эх үүсвэр болно гэж салбарын сайд мэдээлсэн юм.

 7

Шинээр 6300 иргэн зээл авчээ

Орон сууцны барилга, инженерийн дэд бүтцийн ажлууд хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 15 мянган зээлдэгч өндөр хүүтэй зээлээ 8 хувьд шилжүүлж, шинээр 6300 иргэн зээл аваад байна. Энэ жил 37 мянган айлын орон сууц ашиглалтад орно гэж тооцоолсон ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул яг хаана хаана хэдэн барилга хэзээ босч бэлэн болохыг нарийвчлан гаргахаар судалгаа хийж эхэлсэн. Мөн түрээсийн орон сууцууд барих байршлуудын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж байна гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан мэдээлсэн юм.

 7

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12 байршил дээр ажил эхэлсэн. Засгийн газраас олгосон 199 тэрбум төгрөгийн 87,7 тэрбум нь дэд бүтцийн ажилд зарцуулагдахаар туссан. Таван компани нь  57 тэрбум төгрөгийг дэд бүтэцэд зарцуулахаар төлөвлөсөн байлаа.  Гэтэл анх төлөвлөснөөс мөнгөн дүн нь өндөр гарч байна. Хөгжлийн банкны санхүүжилт мөн удаашралтай байгаа тухай яригдаж байна. Ажлын хувьд гайгүй явж байна хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр хэллээ.

Ерөнхий сайд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хаана нь ахицтай, хаана нь удаашралтай явагдаж байгааг Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөс лавлахад “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажил сайн байна. Угсралтын ажил нь эхэлсэн. Дэд бүтцээ шийдчихвэл боломжтой. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны барилгажилтын ажил урагштай явж байна” хэмээсэн юм.

 7

“Бүтээн байгуулалтын цаг”-ийн төгсгөлд  Засгийн газрын тэргүүн холбогдох хүмүүст хандан “Та бүхний хийж байгаа ажлууд тоон дүнд тулгуурлана шүү” гэдгийг  анхааруулж байна. Энэ нь “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтаар Зам, тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний  сайд М.Сономпил нар ажлаа өмнөх жилийнхтэй тоон дүнгээр харьцуулан мэдээлсэн бол БХБ-ын сайд Ц.Баярсайхан ерөнхий тайлбар хийсэнтэй холбоотой юм.

7

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ