Та битгий март...Хэлмэгдүүлэлт давтагдах ёсгүй
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан нийслэлийн төв хэсэгт орших Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд өнөөдөр цэцэг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Энэ үеэр хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр хүүхэдтэй уулзлаа.
_
Энд цуглагсад “Их хэлмэгдүүлэлтээр төрд эцгээ хилсээр цаазлуулсан өнчирч, төрд өрхийн бүх хөрөнгөө хураалган хоосорч, “эсэргүүгийн хүүхэд” гэж адлагдан хянагдаж, зарим нь сургуулиасаа хасагдаж, зарим нь албан ажлаасаа хөөгдөж, ийнхүү ихэнхдээ олсон мэргэжилгүй, хуримтлуулсан хөрөнгөгүй болон хаягдсан “их” хэлмэгдэгчдийн хүүхдүүд бид одоо 75-аас дээш настай зарим маань тэтгэвэр ч үгүй, орон сууц ч үгүй, байнгын асаргаа эмчилгээнд байдаг хүмүүс болсон бөгөөд 30-40 мянга байсан бид үхэж үрэгдсээр байгаад одоо ердөө хоёр мянга хүрэхгүй тоотой үлдсэн, Та битгий март...Хэлмэгдүүлэлт давтагдах ёсгүй гэх лоозонгуудыг барьцгаасан байв.
_
Их хэлмэгдүүлэлтийн он жилүүд хар дарсан зүүд мэт санагддаг
_
Сүхбаатар аймгийн иргэн
Миний аав н.Өлзийдорж 1935-1939 онд хилийн 17-р отериадын дарга хийж байсан. Гэвч 1939 онд улс төрийн хилс хэргээр баригдаж, 1941 онд цаазлагдсан. Тухайн үед ээж маань дөрвөн хүүхэдтэйгээ хоцорч байлаа. Тэднээс одоо хоёр хүүхэд нь л амьд байна. Тэгээд 1951 оны нэгдүгээр сард цагаатгаж байсан. Өвөө нь одоо 90 хүрч байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг зорьж, Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас ирлээ. Өвөөд нь их хэлмэгдүүлэлтийн он жилүүд хар дарсан зүүд мэт санагддаг. Биднийг “эсэргүүний хүүхэд” гэж намын гишүүн болгох нь бүү хэл, сургуульд ч авдаггүй байсан.
.
Өнөөдөр бидний хувьд ахынхаа араас буян хийх өдөр
.
Сонгино хайрхан дүүргийн иргэн Ш.Сонинпил
Миний ах Жамъяан 1937 оны 5 сард хэлмэгдээд, 6-н сард нь цаазаар авахуулсан. Тэр он жилүүдэд их ширүүн байсан гэж ээж маань ярьдаг. Тухайн үед ах маань 14-хөн настай ламхай байсан гэнэ лээ. Эмээ нь өнөөдөр үр хүүхдүүдийнхээ хамт энд ирсэн. Өнөөдөр бидний хувьд ахынхаа араас буян хийх өдөр.
.
Өвөө маань хэлмэгдсэн
.
Баянхонгор аймгийн иргэн Ш.Должинсүрэн
Төрөөс Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол зохион байгуулж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Миний өвөө одоогийн Баянхонгор аймгийн Баянзүрх сумын хүрээ хийдэд маарамба хийдэг байсан. 1937 онд одоогийн Өлзийт сумын Өндөр дэрс гэдэг газраас баригдаад, цаазлуулсан. Би өвөөг цаазлуулдаг жил төрсөн. Өвөөгөөс маань надад хөөрөгний даалин, эрх үлдсэн. Тухайн үед төр хиймэл хэрэг үүсгэж хөрөнгийг нь хурааж авсан. Учир нь тухайн үеийн төрд ямар ч хөрөнгө байгаагүй.
. Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ