Жүдогийн дэлхийн аваргын медальтнуудыг хүлээн авч уулзлаа
Бразилийн Рио-де-Жанейро хотод болсон Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медальтай эх орондоо ирсэн үндэсний шигшээ багийн тамирчид болох М.Уранцэцэг, Д.Амартүвшин нарыг өнөөдөр Соёл спорт аялал жуучлалын дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Тэрээр “Дэлхийн 230 орон оролцсон тэмцээнд манай улс багийн дүнгээр тавдугаар байрт бичигдэнэ гэдэг бол том амжилт. Гэхдээ үүндээ найдаад орхиж болохгүй. Цаашдаа аль аль талдаа анхаарч, хариуцлагатай хамтарч ажиллан уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцох хэрэгтэй. Монголчууддаа маш их баярыг авчирсан та хоёрт баяр хүргэж, амжилт хүсье” гэлээ
Энэ үеэр дэд сайд болон тамиричд оролцсон тэмцээнийхээ болон ирэх олимпийн наадмын бэлтгэлийн талаар ярилцаж санал бодлоо солилцов. Тэд Рио-де-Жанейрогийн дэвжээ монголчуудад ээлтэй байлаа. Ирэх олимпийн наадамд ч мөн ийм байхыг хүсч байгаа тухайгаа хэлж байв. Мөн ирэх олимпийн бэлтгэлийг ямар улсад, хэрхэн хангах хүсэлтэй байгаагаа Жүдо бөхийн холбоогоороо дамжуулж яаманд хүргүүлэх хэрэгтэй гэдгийг дурдаж байлаа.
Харин өнөөдөр “Хилчин” спорт хороо, Хилийн 0253 дугаар ангийн тамирчин Д.Амартүвшинд бас нэгэн баярт явдал тохиож, тэрээр цол нэмэн дэслэгч болжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ