Хүмүүжигчдийн гар урлалын бүтээгдэхүүн эрэлт ихтэй байна
ШШГЕГ-ын харьяа салбар нэгжүүд үйлдвэрлэл, газар тариалан эрхлэлт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хүнсний ногоо болон хүмүүжигчдийн гар урлалын бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, тэднийг нийгэмшүүлэх зорилгоор “Ногоон өдөр” үзэсгэлэнг өчигдрөөс эхлэн Барилгачдын талбайд хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.
6
Энэ үйл ажиллагаанд нийслэлийн дүүргүүдийн болон хөдөө орон нутагт байрлах салбар ангиуд хүмүүжигчийнхээ гар урлалын бүтээгдэхүүнээр оролцож байгаа юм. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Дарьт, Зүүн хараа, Хэнтий, Өвөрхангайн Хархорин, Булган зэрэг орон нутгийн салбарын хүмүүжигчдийн гар урлалын бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очиж байгаа аж.
6
“Ногоон өдөр” үзэсгэлэнд хүнсний ногоо, цагаан идээ мөн хүмүүжигчдийн хийсэн чулуун, модон, арьсан гар урлалын бүтээлүүд, хөшөөн чулуу, тоосго, нүхтэй блок, сийлбэртэй гэр, вакум цонх, хаалга зэрэг бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Тус бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн үнээс 30-50 хувиар хямдхан зарж байгаа бөгөөд хэрэглэгчид олноор үйлчлүүлж байгаа аж. Иргэд хүмүүжигчдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүнийг илүүд үзэж байгаа бөгөөд монгол гэрийн сийлбэртэй мод, морин хуур, монгол гутал болон барилгын материалын үйлдвэрлэл дээр захиалга ихээр өгч байна гэж анги тус бүрийн бүтээгдэхүүн борлуулагч ярьж байлаа.
6
ШШГЕГ-ын Санхүү үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын эдийн засаг хөрөнгө оруулалтын хэлтэсийн ахлах мэргэжилтэн ахмад Г.Энхбаяр “Хорих анги, салбар бүр дээр үйлдвэрлэлийн цех, бүс ажилладаг. Тэдний үйлдвэрлэл чулуун эдлэл, монгол гутал, гэрийн мод, барилгын материал гээд тус тусдаа цехтэй байдаг. Тухайн үйлдвэрлэлийн чиглэлээр гаршсан, тургшлагатай хүмүүжигч нь бусдыгаа удирдан, сургалт явуулаад цаашид баг болж ажилладаг. Тэд үйлдвэрлэлийн орлогоосоо цалинждаг юм. Энэхүү үйл ажиллагаа өмнө нь 2011 онд манай байгууллагын 90 жилийн ойгоор нэг удаа болж байсан. Хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, ялаа эдэлж дуусаад сурсан зүйлээрээ нийгэмд ажиллаж амьдрахад нь тустай ажил байгаа юм. Цаашид үйлдвэрлэлийг өргөжүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаар ярилцаж байна” гэлээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ