Оклахома муж шавьжны дайралтад өртжээ

img

АНУ-ын Оклахома мужийн оршин суугчид тун ч таагүй байгалийн үзэгдэлтэй тулгарсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Тус мужид хүрэлзгэний нүүдэл болж суурийн газрууд дайралтад өртөж эхэлсэн байна. Хүрэлзгэний дуу чимээ хэдэн хоногоор намжихгүй байгаагийн дээр үхсэн амьтдын ялзарсан үнэр таагүй байдал үүсгэж байгаа гэнэ.

Эрх баригчид оршин суугчдад хандан гэрт орж ирсэн хүрэлзгэнийг алахгүй байхыг анхааруулсан байна. Учир нь хүрэлзгэнэ үхсэн нэгнээ хүнс болгон хэрэглэдэг болохоор хэдий чинээ их устгана тэр хэмжээгээр хоол тэжээл нь нэмэгдэн хурдацтай үрждэг гэдгийг сануулсан байна. Хотын бүх л гудамж, байр, зам гээд байж болох бүх л газрыг хүрэлзгэнэ эзэлсэн байгаа гэнэ.

Оклахомын их сургуулийн Брайн Жервис сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Ойрын хэдэн өдөр тэдний тоо бүр ч олон болох төлөвтэй байгаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа дийлэнх нь үхэж үрэгдээд алга болох ч тэр болтол багаар бодож найман долоо хоног тэвчих хэрэгтэй” гэжээ.  Шавьж ингэж олноор гарч ирэх болсон шалтгааныг цаг агаарын өөрчлөлт гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Оклахома мужийн ургамал ба шавьжны өвчин эмгэг судлалын оношилгооны лабораторийн захирал Рик Грэнтхем “Хавар урт үргэлжилсэн, ган болсны дараа залгуулаад долоо, наймдугаар саруудад их хэмжээний хур тунадас орсны дараа л гол төлөв ийм үзэгдэл ажиглагддаг” хэмээжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ