Ц.Буянзаяа Монгол уран зохиолын түүхийг бичжээ

img

Зохиолч Ц. Буянзаяа  “Монгол уран зохиолын түүхэн товч” хэмээх  уран зохиол шинжлэлийн томоохон бүтээлээ  хэвлүүлжээ. Уг “Түүхэн товч” нь хоёр дэвтрээс бүрдэж байгаа бөгөөд тэргүүн дэвтэр нь  “Чулуун номоос Хөлгөн сударт” гэсэн  тодотголтой юм байна. “Түүхэн товч”-ийн тэргүүн дэвтэрт монгол уран зохиолын нэн эрт үед хамаарах бүтээлүүдээс эхлэн 20 дугаар зууны эхэн үеийн бүтээлүүд хүртэлх уран зохиолын урт хугацааны түүхийг хамруулан тоймложээ.  Уг “Түүхэн товч”-д манай уран зохиолын түүх бичлэгт өмнө нь төдийлөн байгаагүй сэтгэлгээний уламжлал, шинэчлэлийн уялдаа холбоог гаргаж бичсэнээрээ онцлог юм. Мөн Монголын уран зохиолын түүхэнд хамаарах гол гол бүтээлүүдийг задлан шинжилж туурвилзүйн онцлогийг нь тодруулан өгүүлснээрээ сонирхолтой, ач холбогдолтой бүтээл болжээ. Энэ тухай зохиогч номынхоо өмнөтгөлд “Үндэснийхээ уран зохиолын их түүхийг багцлан өгүүлэхийг ийнхүү хичээхдээ орчин үеийн уран зохиолын түүх бичлэгт бий болоод байгаа туурвилзүйн шинжлэлийн аргыг голлон ашиглахыг чухалчилсан юм” хэмээн дурдсан байна. Ямартай ч сүүлийн жилүүдэд Монголын уран зохиолын судлалд сураг алдраад байсан уран зохиолын тойм бичлэгт цахиур хагалсан томоохон, шинэлэг бүтээл ийнхүү уншигчдын хүртээл болж байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jimi:
за юуны өмнө Буянзаяадаа баяр хүргэе, "сайн санааны үзүүрт тос" гэдэг, их хөдөлмөрийн үр дүнд сайхан бүтээл гаргасан байна, цаашдын бүтээл туурвилд нь өндөр амжилт хүсье.SD
2013-09-12