Сан-Педрогийн замыг далай "залгижээ"
Өнгөрөгч амралтын өдрүүдэд орсон усархаг бороо АНУ-ын Калифорни мужийн эрэг хавьд хөрсний гулгалт үүсэхэд хүргэжээ. Лос-Анжелесаас Сан-Педро хот руу хүрдэг зам Номхон далай руу гулган орсон байна. Үүнээс болж эрэг хавиар 180 ам дөрвөлжин метр бүхий нүх бий болжээ. Хөрс Номхон далай руу гулган орж байх мөчид засмал зам дээр зогсч байсан нэгэн хүн ямар ч чимээ шуугиангүйгээр хөрс гулгаж байгааг харжээ. Тэрээр гар утсаараа зураг авах гэж байх хооронд засмалын нэг хэсэг аль хэдийнээ далай руу гулган алга болсон байна. Калифорнийн эрэг хавийн хөрс өнгөрсөн зунаас хойш нүүж эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн замын бетон тулгуур эвдэрч эхлээд байгаа юм. Харин зам дээр 6-8 метр нүх энд тэндгүй гарч ирсэн талаар "Los Angeles Times" сонинд бичжээ. Азаар хэн ч гэмтэж бэртээгүй бөгөөд энэ хэсэгт орон сууц болон үйлдвэрийн барилга байдаггүй учир аюул багатай гэж мужийн засаг захиргааныхан мэдэгдээд байна. Хохирол хэдэн сая ам.доллараар хэмжигдэхийг тооцоолоогүй байгаа ч дахиад шинэ зам тавихад нэлээд их хэмжээний мөнгө орно гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Одоогийн байдлаар аюултай хэсгийг замын цагдаагийнхан хамгаалалтдаа аваад байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ