УБХ-ын гишүүд Үндсэн хуулиа “хамгаалав”

img

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын Тамгын газраас Улсын бага хурлын гишүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад УБХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ц.Өөлд, н.Цэрэндорж, Чилхаажав, Ж.Бямбадорж,  н.Мандахбилэг, Энхбат, Гүнцолмон, Зардыхан, Товуусүрэн, Пүрэвдагва нар хүрэлцэн ирсэн байв.Тэд тухайн үеийн бага хурлын үйл ажиллагааны талаар өөр хорондоо дурсан ярьж байлаа. Улсын бага хурлын гишүүд хуулиа хэлэлцэн өглөөнөөс шөнийн 03 цаг хүртэл ажилладаг байсан байна. Тэдэнд тусгай унаа машин, хангамж байгаагүй, ажилдаа ирж явахдаа нийтийн тээврээр зорчдог байснаа дурсцгаалаа. Улсын бага хурлын гишүүдээс хамгийн залуу нь 23 настай, одоогийн УИХ-ын гишүүн С.Баярцогт, хамгийн ахмад нь 58 настай Лхагважав байжээ. Ийнхүү тэдэнд дурсах, хөөрөлдөх зүйл их байлаа. Бага хурлын гишүүд шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байсан юм.

.

УБХ-ын гишүүн Ж.Бямбадорж: -Улсын бага хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд нээгдээд, 10 дугаар сарын 14-нд завсарлан, Үндсэн хууль батлах хэлэлцүүлэгтээ шилжсэн. Бидний Үндсэн хууль боловсруулан хэлэлцсэн журмыг дараа үеийн гишүүд ч баримтлал болгох ёстой.  Үндсэн хууль боловсруулахдаа ард иргэдийн саналд тулгуурласан. Давхардсан тоогоор 900 мянган санал бидэнд ирж байлаа. Монголын ард түмэн Үндсэн хуулиа батлах сэтгэлтэй, бид ч тэр зүтгэлтэй байсан. Одоо Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэж байгааг би хүлээж авдаггүй. Үндсэн хуулийн үг бүрийн цаана маш том утга явж байгаа.  Үүнийг ч Оросын эрдэмтэн гаргаж хэлсэн байна лээ. Тухайлбал “мал төрийн хамгаалалтад байна” гэснийг шүүмжлэх хүн байдаг. Гэтэл Оросын эрдэмтэн энэ үгийг малаа төрийн хамгаалалтад авна гэсний цаана уламжлалт өв соёлоо хамгаалах гэсэн асар том санаа агуулагдаж байна гэж бидний санааг гаргаж ирсэн байна лээ. Хэрвээ Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах бол маш болгоомжтой ажиллах хэрэгтэй.

.

УБХ-ын гишүүн Товуусүрэн: -Үндсэн хуулиндаа байн байн өөрчлөлт хийдэг орнуудад үймээн самуун их гардаг. Тиймээс эцэг хуулиндаа гар хүрээд байх нь зохимжгүй. Үндсэн хуулинд агуу их нөөц байгаа. Тэр нөөцийг маш чадварлаг ашиглах хэрэгтэй юм.

.

УБХ-ын гишүүн Пүрэвдагва: -Үндсэн хуулийг баталсан ой санамж төрд хадгалаастай байгаа.  Хэрвээ одоогийн гишүүд нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа бол тэр ой санамжийг эргэж ухах хэрэгтэй.  Үндсэн хуулийн агуулгыг таньж мэдэх хэрэгтэй шүү дээ. Үндсэн хуулийн төгсгөлд “мэдэгтүн, сахигтун” гэж оруулсан байгааг сайн ойлгох хэрэгтэй.

.

УБХ-ын гишүүн Гүнцолмон:-УИХ-ын сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийг зөрчсөн хууль гэж би боддог.  Цаг үеийн захиалгаар хүмүүс  төрд орж ирж байна. Үндсэн хуулиндаа бид ард түмний сонголтоор гэж заасан байгаа. Гэтэл томилгоогоор улс төрд орж ирээд байгаа нь Үндсэн хууль зөрчсөн асуудал юм.

.

 УБХ-ын гишүүн Зардыхан: -Хүний эрх, эрх чөлөө, төрийн ардчилсан тогтолцоог бий болгох, өмчийн олон харилцаа, зах зээлийн эдийн засгийг бий болгох том зорилт бидний өмнө тулгарч байлаа.  Бас нэг том зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн боловсруулж, АИХ-д өргөн барьсан. Тэр үед манай УБХ 53 гишүүнтэй байлаа. 1990-ээд оны эхээр ардчилал дөнгөж байгуулагдаж байлаа. Бид аливаа зүйлд улс төрийн намуудын зөвшилцөл, харилцан бүрэн ойлголцол дээр л тохиролцон шийдвэрээ гаргадаг байсан юм.

.

УБХ-ын гишүүн Ц.Өөлд: -Тэр үеийн бага хурлын гишүүд бүгдээрээ чөмгөө дундартал сууж улсынхаа төлөө зүтгэж байсан хүмүүс. Бага хуралд хангамж  гэх зүйл байгаагүй. Цалин нь хүртэл орлогч сайдын төвшинд байлаа. Гэртээ  ойрхон гэртээ нь явган алхаад очно, холхон нь нийтээр нь үйлчилдэг автобусанд суугаад харина. Туслахын орон тоо байгаагүй үе. Тэр үед эдийн засаг хүнд байсан учир шилжилтийн хуулиудыг гаргаж байлаа.

.

-Өнөөдрийн парламентын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэдэг вэ?

-УИХ өнөөдөр улс орны амин чухал асуудлуудыг хэлэлцээд шийдэл гаргаад, эх орноо хөгжүүлэх томоохон бодлогуудыг анхааралдаа авахгүй байна уу даа гэж бодож байна. тухайлбал, өнөөдөр ам.долларын ханш 1700 хүрч, Засгийн газар нь мөнгөгүй болчихлоо. Энэ нөхцөлд УИХ шуурхай ажиллаж,  шийдвэрээ гаргаж байх хэрэгтэй.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Undsen huuli togtoogch:
Baingiin ajillagaatai Parllament geed l hutsaad baih yum Parlament gedeg ug Undsen huulid ba.ihgui Ter ued Aih iin hoyor tanhimhoylaa l ajillaj baisan Baga hurliinhan bodio hutluuleh gej baisnaa sanamaar yum Ichihed yanaa
2013-09-13
ганбаа:
2000 оны дордохын 7 өөрчлөлтийг хүчингүй болгоё.
2013-09-13