“Blue” хамтлагийнхан Монголд ирлээ
2001 онд албан ёсоор байгуулагдсан цагаасаа дэлхий даяар охид, залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж, Британийн чартуудыг нэгэн үе тэргүүлж, хөгжмийн дээд шагналуудыг нь хүртсэн “Blue” хамтлаг өчигдөр орой Улаанбаатар хотод газардлаа. Тэд Монголд ирсэн даруйдаа “Корпорэйт” зочид буудалд буусан байна.
“All Rise”, “Sorry Seems To Be The Hardest Word“, “Fly By” зэрэг дуугаараа сонсогчдоо байлдан дагуулсан “BLUE” хамтлаг “EVENTO” компанийн урилгаар Монголын үзэгч, фэнүүдэдээ бүх супер хитүүдээ багтаасан тоглолтоо маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох юм.
Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд Лондон хот дахь “Hammersmith Apollo” театрт ганцхан удаа тоглохоор төлөвлөсөн ч тасалбар нь худалдаанд гарсан даруйдаа таван минутын дотор дууссан тул продюсерууд нь бүрэн хэмжээний дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр шийдвэрлэсэн нь хүлгийн жолоогоо нааш залах сэдэл болсон байна.
Дашрамд дуулгахад, Британийн шоу ертөнцийн магнат Саймон Ковеллийн санаачилгаар 2000 онд Lee Ryan ба Anthony Cost нарыг нэгтгэснээр BLUE хамтлагийн түүх эхэлжээ. Ийнхүү Duncan James болон Will Young нэмэгдсэнээр албан ёсоор “BLUE” хамтлаг байгуулагдаж тун удалгүй гайхам амжилт үзүүлэн анхны сингл болох “ALL RISE” нь Британид л гэхэд 1.8 сая гаруй хувиар борлогдсон юм.
2004 оноос хамтлагийн гишүүд тус тусдаа бие даасан уран бүтээл хийж байгаад 2011 онд 10 жилийнхээ ойгоор эргэн нэгдсэн. Тэд сүүлийн цомгоо “ROULETTE” нэртэйгээр гаргаж, дизайныг нь казиногийн өнгө аясыг шингээн урласан нь өнгөрсөн наймдугаар сарын 9-нөөс дэлхий даяар худалдаалагдаж эхэлжээ.
Б.Цэрэндэжид
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ