ХААИС-ийн шинэ элсэгчид буюу нэгдүгээр курсийн бүрэлдэхүүний долоон сургуулийнх нь нийт 1200 орчим оюутан өнөөдөр Чингисийн талбайг угаалаа.
Тус үйл ажиллагааг ХААИС-ийн “Оюутны хөгжил маркетингийн алба”-аас санаачлан зохион байгуулсан бөгөөд тус албаны сургагч багш нарын нэгдүгээр курсийн оюутнуудад зааж буй “Хариуцлага-Аз жаргал” хичээлийн хүрээнд болж байгаа аж.
Үйл ажиллагааны зохион байгуулагч, “Оюутны хөгжил маркетингийн алба”-ны багш А.Отгонбаатар “Энэ үйл ажиллагаа нь оюутнуудад хариуцлагаа ухамсарлах чанарыг бий болгож байгаа юм. Тухайлбал, өнөөдөр энэ талбайг цэвэрлэж, өөрийн гараар плитаг нь угаасан оюутан дахин энд ирэхдээ шүлсээ, хогоо хаяхгүй болно. Нөгөөтэйгүүр, хотоо цэвэр байлгахад хүн бүрийн оролцоо чухал бөгөөд хотын удирдлага ч мөн энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой гэж үзсэн болохоор Чингисийн талбайг цэвэрлэснээр бидний ажил эхэлж байгаа юм” гэлээ.
Төв талбайгаа сойздон, угааж байгаа оюутнуудын хөдөлмөрийг үнэлж, тэнд байсан хүмүүс хогоо хаяхгүй, тэдний угааж байгаа хэсгээс аль болох тойрон явж байгаа харагдлаа.

Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ