Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр болно. Уг нь шүүх хурал энэ сарын 5-нд болох байсан ч дэд сайдын өмгөөлөгч П.Сугарням хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй хэмээн хойшлуулах хүсэлт гаргасан билээ.
Э.Эрдэнэжамъянг Эрүүгийн хуулийн 245.2-т зааснаар буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэдэг үндэслэлээр буруутгаад байгаа.
Тодруулбал, АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн билээ.
Хэрэв шүүх хурлаас түүний гэм буруутайг тогтоовол “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн Эрүүгийн хуулинд заажээ.
Д.Цэцэг