Л.Бямбаа: Цаазын ял одоогоор хэвээрээ байгаа

.
-Хэрэгтнийг цагдан хорих журамтай болсон гэж байсан. Эндээс яриагаа эхэлье?
-Цагдан хорих, сэжигтнийг саатуулах эрхийг шүүхээс авдаг болсон. Ингэхдээ хэрэг бүртгэх, цагдаагийн байгууллагынхан, прокурор саналаа шүүхэд өгч, хууль ёсны дагуу шүүгч түүнийг хянаж үзээд зөвшөөрлөө олгож байгаа. Баривчлах хугацаа 72 цагаас 24 сар хүртэл байдаг.
.
-Цаазаар авах ял эрүүгийн хуулинд хэвээр байгаа юу?
-Байгаа. Зарим хүмүүс хүчингүй болсон гэж буруу ойлгодог. Ерөнхийлөгчийн үзүүлж байгаа уучлал бол бүрэн эрхийн хугацаандаа ялыг хойшлуулж байна гэсэн үг. Гэхдээ манай улс цаазын ялгүй орнуудын олон улсын байгууллагад нэгдэн орсон болохоор энэ ялыг халах хэрэгтэй. Нэгэнт нэгдэн орсон улсын эрүүгийн хуулинд ийм заалт байж болохгүй. Цаашид цаазын ялгүй болно гэсэн үг. Өнөөдөр дээрэм хийсэн л бол таван жил гэхчилэн хорих ял оноож, Эрүүгийн хуулийн өнгө төрх хатуу байна.
.
-Автын осол гаргасан гэмт хэрэгтэнд оногдуулах ял, шийтгэл сул байгаа тухай ярьж байсан. Үүнийг хэрхэн өөрчилвөл зохистой вэ?
-Автын ослын улмаас ихэнх тохиолдолд хүний амь хохирч байгаа. Үүнээс маш бага хувь нь хорих ял авдаг. Болгоомжгүйгээс үүдсэн гэдэг давамгай үзэл байдгаас ихэнх тохиолдолд торгуулийн ял өгдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүсэн гэх мэт. Өнөөдрийн хагас жилийн мэдээгээр 265 хүний амь нас дээрх ослоос болж хохирсон байна. Өнгөрсөн жил 609 хүний амь нас хохирсон. Ийм хэргээс жилд 500-600 хүний амь нас хохирч болохгүй. Үүнээс харахад ямар гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч байна түүнийхээ зүйл заалтын ялыг чангалах ёстой. Түүнээс өнөөдөр нэг зодооны төлөө хүнийг хориод байх хэрэггүй л байхгүй юу. Харин дээрэм, хүчин гэх мэт ноцтой гэмт хэрэг үйлдэгчид өгөх ял чанга байх ёстой. Мөн урьдчилан сэргийлэх ажиллагаа маш чухал.
.
-Хорих газруудын үйл ажиллагааг өөрчлөхөд төрөөс анхаарах хэрэгтэй гэдэг. Хэрхэн анхаарах ёстой вэ?
-Хорих газар ял эдэлж байгаа хүмүүсийн сэтгэлзүйг өөрчлөхөд хамгийн түрүүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Дахин гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн ихэнх нь өмнө нь ял эдэлж байсан бөгөөд тэдний хүнд хандах хандлага маш харгис болсон байдаг. Тиймээс тэдний сэтгэлзүйг судалж, ухамсар бий болгох хэрэгтэй. Түүний тулд нийгмийн ажилтан олон байж, тэдэнтэй ялтан сэтгэлгээгээр бус нийгэмд байгаа хүний ёсоор харилцах хэрэгтэй байгаа юм. Мөн хүмүүжигчдийг байнга хөдөлмөрлүүлэх хэрэгтэй. Тэнд байхдаа тоосго цохиж, ногоогоо тарьж сурсан хүмүүс гарч ирээд амьдралаа аваад явах чадвартай болно.
.
-Одоогийн байдаар улсын хэмжээнд хэдэн шүүгч ажиллаж байна вэ?
-Нийт 439 шүүгч ажиллаж байна. Шинэчлэлийн үйл ажиллагааны хүрээнд шүүгчийн багц хуулиар 270 хүн нэмэгдэнэ. Шинээр нэмэгдэж байгаа шүүгч нар хуульчийн сонгон шалгаруулалтын шинэ шалгуураар орж ирнэ. Ер нь шүүгчийн орон тоог хэргийн ачаалалыг тэнцвэржүүлэхийн тулд бий болгож байгаа. Хуучин Архангайд гурав, Баян-Өлгийд гурав гэх хувиарлалтын зарчмыг байхгүй болгоно. Ингэснээр эцсийн үр дүнд ажлын ачаалал тэнцвэртэй болох юм.
.
-Нэг шүүгчид 100 гаруй хэрэг ногдож байна гэсэн. Үүнийг ачаалалтай гэж үзэж болох уу?
-Тийм. Дүүргийн шүүгч нар асар ачаалалтай ажилладаг. Шүүх хурлаа хийх, хэргийн материалтай танилцах гэх мэт маш их ажилтай байдаг. Энэхүү ачааллыг багасгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих алдааг байхгүй болгох зорилгоор Хэрэг хянан шийдвэрлэх бүх үйл явцыг програмчлах гэж байна. Энэхүү төсөл дээр сүүлийн гурван жил Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч ажиллаж байгаа. Эхний удаад иргэний хэргийн “Иргэн нэг” програм бэлэн болсон. Өөрөөр хэлбэл хэгийг хянан шалгах явцад хийх ажлаа хийгээгүй, дунд нь засвар гарвал програм зогсоод анхааруулга өгдөг. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих алдааг байхгүй болж, шүүгчийн ажил мөн давхар хөнгөвчлөгдөж байгаа юм. Цаашид эрүү болон захиргааны хэргүүд орно.
.
-Шүүгч нарын цалин хэд байгаа вэ. Саяхан нэмэгдсэн?
-Одоогоор бүх нэмэгдэлтэйгээ нэг сая гаруй төгрөг авч байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдснаас хойш анх удаа цалинг тогтоосон шийдвэр гарсан. Тэр шийдвэрээр тусгай болон төрийн албаны нэмэгдэл хуулиараа байхгүй болж, нийт цалинг хоёр сая төгрөг болгон тогтоож, Улсын дээд шүүхийн шүүгчийн цалин 2,7 сая гэж тогтоосон. Үүний дараа өнгөрөгч долдугаар сарын Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор бүх шүүгчийн цалинг нэмэгдүүлсэн. Дунджаар 3,2-4,3 сая төгрөгийн хооронд болсон. Үүн дээрээ 12 дугаар сард болох үйл ажиллагааны түвшин тогтоох шалгалтдаа гайгүй дүн авах юм бол 50 хувиар нэмнэ. “Гайтай” дүн авбал бараг ажлаасаа чөлөөлөгдөхөөр болоод байна даа.
.
-Шүүхийн шатлалаар шүүгчийн цалин ялгаатай байдаг уу?
-Анхан шат, давж заалдах хоёрын шүүгчийн цалин адилхан болж байгаа. Анхан шатны шүүгч нь юу нь ч мэдэгдэхгүй, эмх замбараагүй байсан үйл явдлаас хэргийг босгон ирж, шийдвэрээ гаргаж байгаа учраас ажлын ачаалал ихтэй. Зарим орны туршлагаас харахад анхан шатны шүүгч нь илүү цалинтай байдаг. Шанхай, Гуанжоугийн шүүгч нар сард 12 мянга юанийн цалинтай байхад Хятадын дээд шүүхийн шүүгч найман мянган юань авч байна. Сүүлийн үед анхан шатны шүүгчийн цалин илүү байх ёстой гэдэг асуудал санал гараад байгаа. Одоохондоо дээд шатны шүүгч нь жаахан илүү авах ёстой гэдэг бодлого бариад л ингэж тогтоогоод байгаа юм.
.Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ