590 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлжээ

img

“Бүтээн байгуулалтын цаг” ээлжилт уулзалт өнөөдөр Нутгийн удирдлагын танхимд боллоо. Энэ уулзалтад Эрчим хүчний сайд М.Сономпил, Сангийн сайд Ч.Улаан болон албаны бусад хүмүүс оролцлоо.  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайд нарын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгсөн юм.  Өнөөдрийн байдлаар улсын төсвөөс 590 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлээд байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт 40 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын зориулалтаар хийсэн байна. Нисэхийн товчоо-биокомбинат-шувуун фабрикийн чиглэлийн замын ажил санхүүжилт хийгдээгүйгээс хоёр  долоо хонож, удааширсан гэсэн асуудал үүссэн. Сангийн сайдын мэдээлснээр “Энэ зам дээр наймдугаар сард  хоёр удаа санхүүжилт хийсэн. Энэ зам дээр энэ онд нийтдээ 15 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх ёстой. Одоогийн байдлаар 10,2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүрэн  хийгдээд байна. Төсвөөс  санхүүжүүлэх санхүүжилтийг албан ёсны материал  бүрдэж ирснээс хойш долоо хоногийн дараа  гаргаж байгаа журам мөрдөгдөж байгаа” хэмээн  мэдээлсэн юм.

 7

Ирэх сард V дугаар цахилгаан станцын шавыг тавина

 7

V дугаар цахилгаан станцын сонгон шалгаруулалт дууссан байна. Энэ цахилгаан станцыг барих ажлын хэсэг байгуулагдсан байна. Ирэх сард V дугаар цахилгаан станцын шавыг тавьж, ажлыг эхлүүлнэ гэж Эрчим хүчний сайд М.Сономпил мэдээлсэн юм. Өмнөговь аймагт баригдах  цахилгаан станцын талаар “Тавантолгой” төслийн удирдагч М.Энхсайхан мэдээлэл хийсэн юм.  V дугаар цахилгаан станц болон Өмнөговь аймагт баригдах цахилгаан станцыг  2016 оны сүүлчээр  барьж дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ хоёр дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор нийтдээ 900 мгвт-ын хүчин чадлаар ажиллах юм байна.  Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулсны   нэг жилийн хугацаанд хамгийн олон ажлыг эхлүүлсэн газар бол Эрчим хүчний яам гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа.

 6

Хурдны замын ажлыг өвөл эхлүүлнэ

7

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороон дахь “Асар өргөө” компани барилгын ажлаа эхлүүлжээ. Засгийн газраас энэ долоо хоногт Баянзүрх дүүргийн 8, 10 дугаар хороонд хэрэгжүүлж байгаа  гэр хорооллын барилгажилтын ажилтай  танилцахаар төлөвлөж байгаа юм байна. Баянзүрх дүүрэгт орших “Ус-15”-ын  дулааны цахилгаан станцын барилгын суурийн ажил хийгдсэн байна.  “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа 25 дугаар эмийн сангийн болон Циркийн орчмын дөрвөн замын уулзварын ажлыг энэ долоо хоногт дуусгах юм байна.  Энэ төслийн хүрээнд 12 уулзвар одоогийн байдлаар ашиглалтад ороод байгаа. Ийнхүү уулзваруудыг өргөтгөснөөр 3000 гаруй машиныг уулзвар дээр зогсох бололцоогоор хангаж замын бөглөрлийг тодорхой хэмжээгээр сааруулж, 500 хүнийг ажлын түр байраар хангасан гэсэн тооцоо гаргасан байна.  Хурдны замын ажлыг өвөл эхлүүлэхээр нийслэлээс төлөвлөжээ.

Ерөнхий сайд ажил хийгдэж байгаа ч чанар дээр онцгой анхаарахыг холбогдох хүмүүст захиж байлаа.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ