Дэлхийн аварга М.Уранцэцэгийг 100 сая төгрөгөөр шагнажээ
Бразилийн Рио Де Жанеро хотноо зохион байгуулагдсан 2013 оны Жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ийн жинд барилдсан ОУХМ Мөнхбатын Уранцэцэгт жингийнхээ ангилалд аваргалж, Монголын жүдо бөхийн холбооны анхны дэлхийн аварга эмэгтэй болсон билээ. Тэгвэл өчигдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Жудо бөхийн Дэлхийн аварга М. Уранцэцэгт төрөлх нутгийнхан нь хүндэтгэл үзүүлж, хүлээн авсан байна.
Хонгор нутгийнхан аваргынхаа алтан медалийг 100 сая төгрөгөөр мялаажээ. Дэлхийн аварга М.Уранцэцэг нутагтаа зочлох үеэр нутгийнхаа өсвөр насны Жүдочиддоо амжилтын нууцаасаа хуваалцан, нэгэн өдрийг тэдэнтэй хамт өнгөрүүлсэн байна.
Эргэн сануулахад, М.Уранцэцэг дэлхийн аваргын татамид 48 кг-ын жинд В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украйны жүдоч Марина Кротыг цэвэр, дараагийн барилдаандаа Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр, улмаар Кубын тамирчин Мария Селия Лабордег дахин цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Ингээд дараагийн барилдаанаа Бразилийн жүдоч Сара Менезестэй хийж, олимпийн аварга тамирчныг нутгийнх нь дэвжээнд сөхрүүлснээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялж, Монголын спортын түүхэнд цоо шинэ хуудас нэмж, шинэ амжилтын эзэн болсон юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ