Ашер: Хүн амьдралаа бодно уу, архиа бодно уу өөрийнх нь шийдвэр
АНУ-ын R&B хөгжмийн нэрт төлөөлөгч, дуучин, хөгжмийн продюссер Ашер (Usher)-ийг танихгүй хүн цөөн болов уу. Түүний цомгууд дэлхийд 45 сая хувь борлогдож, тэрбээр “Грэмми”-ийн таван удаагийн шагнал хүртсэн. Тэрбээр 1978 оны аравдугаар сарын 14-нд АНУ-ын Даллас хотод айлын ганц хүү болон мэндэлжээ. Ашер 11 настайдаа “NuBeginnings” хэмээх хамтлагт гишүүнээр элсч, тэр жилдээ арван дуутай цомог гаргаж байжээ. Үүнээс хоёрхон жилийн дараа “LaFace Records” студи залуу дуучинг сонирхон гэрээ хийх саналаа дэвшүүлэхэд түүний ээж ажлаасаа гарч хүүгийнхээ ирээдүйн төлөө Нью Иоркийг зорьсон нь Ашерийн ирээдүйд том түлхэц болсон юм. Ингээд түүний сонирхолтой ярилцлагаас хүргэж байна.
.
-Ярилцлагаа таны амжилтаас эхлэх үү?
-Уран бүтээлч хүний хувьд залуу сэтгэлгээгээ алдахгүй байх нь хамгийн чухал. Үүний араас шинийг эрэлхийлэх эрмэлзэлтэй байж, түүнийгээ бодит бүтээл болгохын тулд хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй. Өнөөдрийн амжилтад хүрсний минь нууц энэ л болов уу. Би нэг юм ярихад мөнгөтэй, царайлаг хүмүүс сүүлийн үед дуучин болох нь их боллоо. Уг нь намайг урлагт хөл тавьж байхад авъяас хамгийн чухал байлаа. Одоо харахнээ тийм байхаа больжээ.
-Олон хүн таны амжилтад ээжийг тань хөдөлмөр нөлөөлсөн гэж боддог?
-Ээж минь чадах бүхнээ надад харамгүй зориулсан. Урьд нь ээжийнхээ хөдөлмөрийг би л үнэлж, урам хайрладаг байсан бол одоо олон сая хүн түүнийг минь хүндэлж, хайрладаг болсонд баяртай байна. Одоо ээж минь миний төлөө санаа зовох биш, би ээжийнхээ төлөө санаа зовох хэрэгтэй.
.

-Энэ бол худлаа. Би ээжийгээ ажлаас нь халаагүй. Ажил хэргийн харилцаа гэдэг бол гэр бүлийн харилцаанаас тэс өөр зүйл. Ээж минь хийх зүйлээ хийсэн. Одоо түүнд ач нартайгаа өнгөрөөх цагаас эхлээд амарч, зугаалах хугацаа хэрэгтэй. Бид энэ бүхний талаар ярилцсаны үндсэнд ийм шийдвэрт хүрсэн. Нэмж хэлэхэд, менежер надад олон зуугаараа олдоно. Харин ээж минь наддаа ганц л олдох эрдэнэ. Тиймээс ээжийгээ амьдад нь амжиж баярлуулж, жаргаах нь миний үүрэг.
.
-Diddy, Will.i.am нэртэй уран бүтээлчтэй хамтарч ажилласан. Одоо хэнтэй хамтрахыг хүсч байна?
-Миний мэдэх, мэдэхгүй олон уран бүтээлч байгаа шүү дээ. Юутай ч яг одоо миний толгойд Австралийн “Empire of the Sun” хамтлагтай хамтарч ажиллах бодол эргэлдэж байна. Тэдний хөгжим надад үнэхээр таалагдсан. Би бүр тэдний бүх дууг нь сонсох дуртай болсон шүү. Та ч гэсэн сонсоод үзээрэй. Дараа нь намайг тэдэнтэй хамт дуулж байна гэж төсөөлөөрэй /инээв/. Үнэхээр төгс зохицно гэж бодож байна. Бас шинээр төрж буй Ази дуучидтай дуулахыг хүсч байна. Ази дуучдын хоолой ярихын аргагүй сайхан сонсогдох болсон. Бас тэдний стайль хэлэхийн аргагүй өвөрмөц.
.
-Сүүлийн үед Азийнхан Холливуудын тайзыг зорих болсон нь нөлөөлж байна уу?
-Нэг юм хэлэхэд, Ази дуучид өнгийг нэгдүгээрт тавьдаг. Бусдын анхаарлыг өөртөө татахын тулд үнэртэн ашигладаг шиг. Харин хоолойны хувьд боломжийн, хөөрхөн санагддаг. Сайн нь сайн, муу нь муу. Тэгэхдээ Азийн томоохон уран бүтээлчтэй хамтарвал өмнө нь гарч байгаагүй өнгөлөг дуу гарна гэдэгт итгэлтэй байгаа учраас хүсч байна.
.
-Та дуучин Жастин Биберийг гаргаж ирсэн. Мэдээж тэрбээр танаас олон зүйлд суралцсан. Харин та түүнээс юу сурч мэдэв?
-Би түүнийг Youtube-ээс анх олж харсан. Одоогийн хүүхдүүд биднээс илүү хөгжимд элэгтэй болж. Уран бүтээлээ түгээх арга зам ч өөрчлөгдсөн байна. Хэрхэн авьяастныг олж хайх арга ч өөрчлөгдөж, энэ хэрээр хөгжмийн ертөнц шинэ түвшинд ирсэн байна. Би түрүүн хэлсэн шүү дээ. Залуу сэтгэлгээгээ алдахгүй байх нь амжилтын минь нууц гэж. Би Жастинаас өнөөгийн залуус бид бүхнээс юу хүсч байна, тэд юунд татагдаж байна гэдгийг олж мэдэрсэн. Жастинд надаас илүү алдартай, чадалтай дуучин болох ирээдүй байгаа. Хамгийн гол нь өөртөө итгэж, зорилгоо тодорхойлох нь чухал гэж би түүнд үргэлж хэлдэг юм.
.
-Танд Жастинаас гадна өөр уран бүтээлчийг гаргаж ирэх бодол бий юү?
-Надад сонирхож буй хэд хэдэн дуучин бий. Жастиныг олоход би 33 жил зарцуулсан байна шүү дээ. Тэгэхээр чадалтай уран бүтээлчийг олно гэдэг ямар хэцүү хөдөлмөр болохыг та ойлгож буй биз дээ.
.

-Тэр бол дуучин. Тэр бол урлаг. Тэр бол охидын шүтээн. Тиймээс алдаа гаргасан ч тэрний зөв байх учиртай. Миний мэдэх асуудал биш гэж бодож байна. Би түүнийг гаргаж ирсэн болохоос, хар PR-ийг нь зохицуулах үүрэгтэй нэгэн биш. Нас биед хүрсэн хүн амьдралаа бодно уу, архиа бодно уу өөрийнх нь шийдвэр.
.
Хийж буй бүх үйлдэлдээ ухамсартай хандаж бай. Учир нь чиний хийсэн бүх зүйлс түүх болон үлдэнэ
-Домогт Майкл Жэксон таны дэмжигч бас найз тань байсан. Танд өгч байсан зөвлөгөөнөөс хамгийн тод үлдсэнээс нь хуваалцахгүй юу?
-Майкл надад харамгүй зөвлөж тусалсан. Түүнгүйгээр одоогийн хөгжмийн ертөнцийн хөгжлийг төсөөлөхөд бэрх хэвээр л байна. Намайг 2001 онд “8701” тоглолтоо хийхээр бэлтгэж байх үед надад хэлсэн үг нь ердөө санаанаас гардаггүй юм. “Хийж буй бүх үйлдэлдээ ухамсартай хандаж бай. Учир нь чиний хийсэн бүх зүйлс түүх болон үлдэнэ” гэж хэлсэн. Нэг талаар зөвлөгөө, сануулга мэт санагдсан ч нөгөө талаар миний тоглолтыг үнэлсэн үнэлэмж нь байсан болов уу гэж хожим нь бодсон. Үнэхээр ч тэр тоглолт сайхан болсон.
.
-Олны анхааралд амьдрах ямар байдаг вэ?
-Ингэж амьдарна гэдэг үнэхээр хэцүү. Үүнээс болж TLC хамтлагийн Розонда бид хоёрын харилцаанд цэг тавигдаж байсан гээд хувийн амьдралд энэ бүхэн сайн муу олон янзаар нөлөөлдөг. Олны анхааралд амьдардаг болохоор ямар ч алдаа дутагдал гаргах эрх надад байхгүй. Надтай холбоотой ямар нэгэн зүйл болсныг би мэдэж амжаагүй байхад хүмүүс мэдчихсэн байх жишээтэй. Гэвч нэгэнт ийм амьдралыг би сонгосон болохоор энэ бүхнийг даваад гарах тэнхээ надад бий гэж боддог.
.

-Тийм шүү. Би дуугаараа хүмүүст сайхан ая аялгуу, хэмнэлийг хүргэхээсээ гадна өөрт тохиолдсон түүхээ хүүрнэхийг хичээдэг. Ингэснээр сонсогчид маань намайг бага ч гэсэн ойлгох болов уу гэж найддаг юм. Нөгөө талаар хүмүүс намайг таньж мэдэхийг хичээдэг шүү дээ. Ингээд хэн хэндээ харилцан ашигтай уран бүтээл болдог.
.
-Хэрвээ дуучин болоогүй бол одоо юу хийж явах байсан бол?
-Би хүмүүстэй харилцах дуртай. Тиймээс ямар нэгэн харилцааны ажил хийж байх байсан болов уу. Хэвлэлийн төлөөлөгч ч юм уу /инээв/. Нэг бол сайн аав болоод амьдралын төлөө тэмцэгч ч байх байсан юм уу даа.
.
-Таны бодлоор R&B урсгал өнгөрсөн 20 жилд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Уг урсгал сүүлийн 20 жилд сэтгэл хөдлөлгүй болсон. Жинхэнэ R&B гэдэг бол сэтгэл хөдлөл хөгжмийн уянгалаг зөөлөн аялгуутай нягт холилдсон байдаг. Гэтэл одоо жинхэнэ шинж чанараа алдаж байна. Хүмүүс удахгүй R&B хөгжим гэх ойлголтыг арилгах вий гэж сэтгэл минь түгшиж сууна даа.
.
-Сүүлийн үед яагаад гэр бүлийн амьдралд ингэж мөс шиг хандах болов?
-Зэрэглээ миний амьдралд гараад ирлээ. Уг нь ямар ч үүлгүй тэнгэрээр явж байсан юм. Даанч ийм юм болчихлоо. Амьдрал өөрөө хар барааныг бий болгож, аз жаргал мэдэрдэг бололтой. Хамгийн их харамсаж байгаа зүйл бол хүүхдүүдээсээ холдсондоо, уйлаад ч барахгүй нь дээ. Хүмүүсийн хэлдэгээр дахиад нэг хайр гарч ирэхийг хүлээж байна.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ