"Эдийн засаг унаагүй, үнийн өсөлт хоёр дахин буурсан"
Энэ үгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нүүрний хувиралгүй "буудав". Түүнийхээр эдийн засаг энэ жил 1,1 хувиар өссөн гэнэ.Үүнийгээ батлах гэж байнгын хорооны хуралдаан дээр тэрбээр баахан тоо дурдлаа. Энэ оны эхний есөн сарын байдлаар 15 мянган айлын орон сууц ашиглалтад орсон. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс гурван мянгаар илүү гэнэ. Ямартай ч барилгын салбарынхан сайн ажиллаж байгаа юм байна.
.
Гэвч энэ бүтээн байгуулалтын үр дүн иргэдэд мэдрэгдэхгүй, нийтийн бус цөөн хүний эрх ашигт үйлчилж байгаа. Басхүү валютын нөөц дуусаагүй, хангалттай байгаа гэж гөрдөв. Хэрвээ валютын нөөц хангалттай байсн юм бол өнөөдөр 1700 төгрөг болтлоо ханш нь өсөх байсан уу. Өөрийн ярьж байгаа зүйлдээ урамшсан Эдийн засгийн хөгжлийн сайд цаашлаад "юмны үнийн өсөлт өнгөрсөн оныхоос хоёр дахин буурсан" хэмээхэд түүний өмнөөс ичсэн бололтой, зэрэгцэн сууж байсан Г.Батхүү гишүүн хажуунаас нь тохойгоороо чимээгүйхэн ёворч, тэвчээр нь алдагдсан Ж.Энхбаяр гишүүн "Болиоч ээ, худлаа ярихаа" хэмээн яриаг нь тасалдуулав. Бид будлиад байгаа нэгнийгээ заримдаа "Эмээ уугаагүй гарч ирсэн юм уу, хаашаа юм" гэж цаашлуулдаг. Энэ үгийг Н.Батбаяр сайдад хандаад хэлчихмээр ч юм шиг. Сүүлийн үед Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахгүй, харин эдийн засгийг уналтад хүргэсэн салбарын сайд нарыг огцруулах асуудал яригдаж байна. Огцруулах эрхмүүдийн тэргүүн жагсаалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын нэр яваа. Тиймээс тэрбээр огцорсон ч, эс огцорсон ч "амьдрал сайхан байна, амьдрах бүүр сайхан байна" гэж гүрийсээр байгаад асуудлыг дуусгавар болгохоор шийдэв үү. Ямартай ч Н.Батбаяр сайдын цонхоор эдийн засаг өсөөд, юмны үнэ буураад л байна гэнэ. Н.Батбаяр сайдын "цонхонд" багтчихвал хүссэн зүйлээ хямдхан худалдаж аваад байх нь шүү.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ