Төрийн албаны шалгалтын бүртгэл энэ сарын 19, 20-нд болно
Нийслэлийн нутгийн захиргааны найман байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах ээлжит мэргэшлийн шалгалт энэ сарын 24-нд болно. Мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг Нийслэлийн нутгийн захиргааны гуравдугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн хоёрдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 19, 20-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
.
Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтад тавигдсан шаардлагыг хангасан иргэн шалгалтад бүртгүүлж, тэнцсэнээр нөөцөд бүртгэгдэнэ. Үүнээс хамгийн өндөр оноо авсан иргэнийг Төрийн албаны зөвлөлөөс тухайн албан тушаалд нэр дэвшүүлдэг байна. Мэргэшлийн шалгалтыг авах журамд өөрчлөлт орсон бөгөөд ерөнхий мэдлэг болон ур чадварын түвшин тогтоох, мэдлэг, хандлага зан үйлийг тодорхойлох шалгалт гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Гурван багц шалгалтын нийт оноо 60 ба түүнээс дээш байж тэнцэх аж. Шалгалтад орохыг хүсэгч нь төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх) , Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт, ажил байдлын тодорхойлолт, Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт, “3х4”-ийн хэмжээтэй дөрвөн хувь цээж зураг болон ажилласан хугацаа ба ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг авчирч бүртгүүлэх шаардлагатай юм. Бүртгүүлсэн иргэд энэ сарын 24-ний өглөө 07:30 цагт шалгалт авах газар буюу Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд ирсэн байх бөгөөд шалгалт 08.00 цагаас эхэлнэ. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхээ заавал авч ирэх ёстой аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ