Нийслэл хотын нийтийн үйлчилгээ хариуцах эзэнтэй боллоо
Тус тусдаа бие даан үйл ажиллагаагаа явуулж байсан Нийслэлийн Хот тохижилтын газар, Улаанбаатар Зам Засвар Арчлалт, Усны Барилга байгууламж зэрэг Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг Нийслэлийн Засаг Даргын захирамжаар татан буулгаж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д нэгтгэжээ. Учир нь дээрх байгууллагууд нийслэл хотын сайн сайхны төлөө ажиллдаг боловч гурван өөр газарт, гурван өөр чиглэл баримтлан ажиллах нь ажлын үр дүн, уялдаа холбоо муу байна гэж үзсэн байна. Мөн хүн хүч, нөөц бололцоо, машин механизмын ашиглалт харьцангуй сул зэрэг сөрөг хүчин зүйлүүдээс үүдэн дээрх гурван байгууллагыг нэгтгэх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр төсвийн хөрөнгийг хэмнэхийн зэрэгцээ нийтийн эзэмшлийн зам талбайд нэг байгууллага, нэг бодлоготойгоор цогц ажил үйлчилгээ үзүүлэх аж.
Тодруулбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, чимэглэл, хаягжилт, ногоон байгууламжийг арчилж хамгаалах, үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, автозамын борооны ус зайлуулах шугам, нийтийн эзэмшлийн тавилгын засвар, үйлдвэрлэлийг хариуцна. Мөн хөрсний ус зайлуулах барилга байгууламж, урсгал тусгаарлах хайс хашааг шинэчлэх, золбин муур, нохой устгал, гэрэлтүүлгийн нэгдсэн хяналт, удирдлага, гэх зэрэг чиг үүргийн дагуу нэгдсэн үйл ажиллагаа явуулах юм байна.
Нийслэл хотод 24 цагийн турш нэгдсэн удирлагатай болгож буй “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийг “Нийслэлийн Хот тохижилтын газар”-ын дарга Д.Энхсайхан удирдах аж. Тус байгууллагад ажиллагсдын тоо харьцангуй цөөн, авч байгаа цалин хөлс нь бага хэдий ч нийслэлийг цэцэрлэгжүүлэх ажлыг маш сайн хийсэн. Тиймээс гурван байгууллага нэгдэж байгаа тул нийслэл хотод хийгдэх ажлууд улам сайжирна хэмээн шинэ удирдлагууд нь хэлж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ