Компаниуд үйл ажиллагаагаа үнэлэх хэрэгсэлтэй боллоо

img

  Засаглал нь ямар түвшинд байгааг компаниуд өөрсдөө үнэлж, дүгнэх боломж бүрджээ. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг/ОУХА/, Компанийн засаглалын хөгжлийн төв зэрэг байгууллагаас хамтран компаниуд дотооддоо өөрийн засаглалыг ямар түвшинд байгааг үнэлж, дүгнэх  үнэлгээний хэрэгслийг бий болгожээ. Компаниуд toolkit.bpi.mn сайтаар орж ХК болон гэр бүлийн эзэмшлийн ХХК, банк, даатгалын компаниудад зориулан боловсруулсан үнэлгээний 4 төрлийн асуулгаас өөрт тохирох хэсгийг сонгон, асуултанд хариулах аж. Үүний дараа цаанаас нь танай компани засаглалын хувьд ямар түвшинд байгааг автоматаар үнэлж, энэ дагуух зөвлөмжийг өгөх юм байна. Сүүлийн үед манайд гадны хөрөнгө оруулалт буурч, эдийн засаг хүндрэлд ороод буй. Тэгвэл улс орны эдийн засгийн хөгжил нь компанийн сайн засаглалтай холбоотой байдаг тул үүнийгээ сайжруулснаар бид хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой юм. Тодруулбал  олон нийтэд нээлттэй, хувьцаа эзэмшигчиддээ эрх тэгш хандах зарчмыг баримтласанаар компаниуд улс орныхоо хувийн хэвшилд тулгуурласан, тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгож, ажлын байраа нэмэгдүүлэн, ядуурлыг бууруулахад томоохон хувь нэмрийг оруулна.  Иймээс компаниуд засаглалаа сайжруулахын тулд эхний ээлжинд өөрсдийгөө олон улсын түвшинд ямар байр эзэлж буйгаа олж мэдэх нь хамгийн чухал юм. Үүний тулд дээр дурдсан үнэлгээний хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Компанийн засаглалыг сайжруулснаар ямар үр дүнд хүрдгийн нэг тод жишээ бол манай томоохон арилжааны банкуудын нэг 1999 онд ашигт үйл ажиллагааны доголдолд орж, 2000 онд АНУ-ын ОУХА-ын тусламжтай эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн удирдлагын шинэ баг томилогдон ажиллажээ. Ингэснээр тус банк нь олон харилцагчдын итгэлийг төрүүлэн өөртөө татсанын дүнд өдгөө 1.8 сая харилцагчтай болсон байна. Мөн Европын Сэргээн босголт хөгжлийн банктай хамтран жижиг дунд бизнесийг санхүүжүүлэлтийн 25 сая ам.долларын хоёрдогч өглөгийн зээлийг авчээ. Өдгөө тус банк нь 514 салбар нэгж, 4396 ажилтайтай болон өргөжиж, энэ оны 6 дугаар сарын байдлаар активийн дундаж өгөөж 50.24 хувьтай байгаа аж. Тэгвэл муу жишээ гэвэл татан буугдаад удаагүй байгаа “Хадгаламж” банк хэрвээ санхүүгийн үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй ил тод байлгаж, ТУЗ нь үүргээ сайн биелүүлж чадсан бол /товчоор хэлбэл компанийн засаглалыг хэрэгжүүлсэн бол/ өдгөө Монголын арилжааны банкууд дотроос үйл ажиллагаа нь хамгийн сул гэх үнэлгээг авахгүй байсан болов уу. Түүнчлэн Төрийн өмчийн хорооноос гаргасан мэдээллээр өнгөрсөн оны эцсийн байдлаар төрийн өмчит 50 компани алдагдалтай ажиллажээ. Үүнээс хамгийн их алдагдал хүлээсэн 14 компанийн жилийн нийт алдагдлын хэмжээ 50 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүгээр манай нийгэмд хамгийн их тулгамдаад буй асуудал болох 25 сургууль эсвэл 30 цэцэрлэг юм уу, 7 томоохон эмнэлгийг байгуулах боломжтой юм. Ингээд бодохоор манайд өнөөдөр компанийн засаглал гэдгийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна. Компанийн засаглалын хөгжлийн төвөөс Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байдаг 20 ХК-ийн дунд ийм үнэлгээг явуулсан бөгөөд дүгнэлт нь хоёр сарын дараа гарах аж. А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ