Нэг троллейбусанд 10 сая төгрөг тооцож аваагүй гэв

img

  Сүүлийн үед "Цахилгаан тээвэр" компани нийслэлийн төсвөөс дөрвөн тэрбум төгрөг гаргуулсан гэх мэдээлэл гараад байгаа. Үүнтэй холбоотойгоор тус байгууллагын захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн холбооноос сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.   Хичээлийн шинэ жил эхэлж, ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрөгч сарын 24-31-ний өдрүүдэд иргэд, зорчигчдыг троллейбусаар үнэгүй зорчуулсан. Энэ үеэр "Цахилгаан тээвэр" компанийн нэг троллейбусанд өдөрт 10 сая төгрөгийн алдагдал тооцож, түүнийг нийслэлийн төсвөөс гаргаж өгч байна гэх мэдээлэл цацагдаж байсан. Гэтэл энэ мэдээлэл үндэсгүй хэмээн тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Батнасан хэллээ. Тэрээр “Манайхаас өдөрт 23-26 троллейбус үйлчилгээнд гарч, нэг нь 100-150 мянган төгрөгийн орлоготой ажилладаг. Бидний өдрийн  нийт орлого бол 2-3 сая төгрөг байдаг. Харин иргэдийг үнэгүй зорчуулсан хугацааны алдагдалд нэг троллейбусанд 10 сая төгрөг бодож авсан зүйл байхгүй. Өдрийн долоон сая төгрөгөөр алдагдлаа нөхөхөөр бодож, ингэхдээ нэг зорчигчийг 138 төгрөг 21 мөнгөөр тээвэрлэхээр тооцон гэрээ хийсэн. Энэ өдрүүдэд нийт 529 мянга 694 зорчигч тээвэрлэсэн судалгаа гарсан байгаа. Тэгэхээр нийт 73 сая 212 мянга 200 төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж өгөхөөр болсон. Гэхдээ одоохондоо энэ мөнгө манай компанид шилжин ирээгүй байна” гэлээ.   Зорчигчдыг үнэгүй тээвэрлэсэн өдрүүдэд нэг өдрийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлэн алдагдал тооцсоны учир нь Цахилгаан тээвэр компани тролейбусныхаа тоог 1,5 хувиар нэмэн 50 троллейбус шугаманд гарсан бөгөөд бүх ажилчид нь амралтгүй ажилласантай холбоотой юм байна. Б.Буд        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ