Л.Раднаасүрэн: АИ-92 шатахуун хомсдоогүй

img

“Содмонгол”,”Петровис”зэрэг компанийн шатахуун түгээх газрууд АИ-92 шатахуун худалдахгүй байна гэсэн гомдол өнөөдөр манай сайтад ирсэн юм. Энэ талаар Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүн хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгээс тодрууллаа.

.

-АИ-92-ыг зарим шатахуун түгээх газрууд худалдаалахгүй байна гэх юм. Энэ ямар учиртай юм бол?

-Тийм зүйл байхгүй. Энэ талаар бид шатахуун импортлогч компаниудаас тодруулсан. Бидэнд хангалттай нөөцтэй гэсэн хариу өгсөн байгаа. Компаниудын агуулахаасаа зөөж буй шатахуун хугацаанаасаа хоцроод, зарим түгээх газрууд түр хязгаарлалт хийсэн байж болзошгүй. “Жаст”-ын хувьд “Магнай трэйд” компани худалдаж авсантай холбоотойгоор эд хөрөнгийн шилжүүлэг хийгдэн, шатахуун борлуулах асуудал түр хязгаарлагдаж байж болох юм.

.

-Манай улсын шатахууны нөөц ямар байгаа вэ?

-30-40 хоногийн нөөцтэй байгаа. Энэ нь өмнөх саруудтай харьцуулахад харьцангуй өндөр байгаа гэсэн үг.

Энэ сард Хятадаас 15500 тонн МGL-93 шатахуун авахаар төлөвлөөд байгаагаас одоогийн байдлаар 10 мянган тонн нь орж ирсэн байгаа. Ер нь бол манай улсын автобензиний сарын хэрэглээ 25 мянган тонн байдаг. Тэгэхээр бид ОХУ-аас шатахууны хувьд 50 хувиар хамаарлаа бууруулж байна гэсэн үг юм.

.

-Тэгэхээр ойрын үед шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж ойлгож болох нь ээ?

-Валютын ханш өсч байгаа ч төрөөс 8, 9 дүгээр сард зохицуулалт хийсний дүнд шатахууны үнийг нэмээгүй. Ойрын хоёр сардаа шатахууны үнэ нэмэгдэхгүй.

 .

Шатахууны түгээлт хэвийн байна

.

Сүүлийн үед шатахуун түгээх станцууд АИ92 бензинийг худалдаалахгүй байна гэдэг мэдээлэл гарч, иргэдээс санал гомдол ирж байгаа. Үүний хүрээнд шатахуун импортлогч компаниудын албан эх сурвалжтай холбогдож мэдээлэл авлаа.

Петровис ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгчийг холбогдож энэ талаар лавлахад “Өчигдрөөс эхлээд хүмүүс энэ тухай асууж сураглах боллоо. Манай бүх шатахуун түгээх станцаар АИ92 бензин зарагдаж,  үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэлээ.

Харин “Шунхлай” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдоход “Манай бүх салбар шатахуун түгээх станцуудаар АИ92 худалдаалагдаж байгаа. Харин өчигдөр орой ажлын цаг дууссанаас хойш буюу 18:00 цагаас хойш зарим нэг станцуудад АИ92 дууссан байсан. Үүнийг үйлүүлэгчид маань зарахгүй байна гэж ойлгосон байж магадгүй. Тэдгээр шатахуун нь дууссан байсан станцад өглөө агуулахаас шатахуун авчирч нийлүүлсэн одоо үйл ажиллагаа нь хэвийн байна” гэдэг хариу өгсөн.

“Сод Монгол” ХХК-ийн холбогдох албан тушаалтантай холбогдоход АИ92 хэвийн зарагдаж байгаа гэсэн юм.

 .

А.Жаргал

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ