Төр биднийг тоодоггүй

img

Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбоо Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зангиагүй уулзалт МҮХАҮТ-д зохион байгууллаа. Монголын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг 50 орчим банк бус санхүүгийн байгууллага оролцсон энэ удаагийн уулзалт хоёр дахь жилдээ уламжлан болон зохион байгуулагдаж байгаа аж. Өдгөө манай улсад 245 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний актив хөрөнгө нь 307 тэрбум төгрөг болж, жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг дуулгаж байв. Бичил санхүүгийн байгууллагын хууль эрхзүйн орчин, төртэй хэрхэн хамтран ажиллах, өнөөдрийн үйл ажиллагааны төлөв, цаашдын зорилтоо тодорхойлох зорилготой уулзалтын үеэр Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбооны ерөнхийлөгч А.Алтансүхээс зарим зүйлийг тодруулсан юм.

.

-Ямар зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулж байгаа вэ? Тулгамдсан асуудал гэж нэрлэснээс харахад нэлээд асуудал байгаа бололтой.

-Төрийн байгууллага, төрийн бус байгууллага тулгамдаж байгаа асуудал, цаашдын төлвөө нээлттэй ярилцах гэж ингэж цугладаг. Улс орны    эдийн засаг төдийлөн сайнгүй, валютын ханш нэлээд савалж байна. Зөвхөн валютын үйл ажиллагаа эрхэлдэг банк бус байгууллагууд байдаг. Тэднээс болж валютын ханш савалсан гэсэн ташаа мэдээлэл нийгэмд бий болоод байгаа. Үүнтэй  холбоотойгоор үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар ярилцлаа. Төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны илрэл болсон үйл ажиллагаа болж байна.

.

-Өнөөгийн эдийн засгийн байдал банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Ядуурлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд бичил санхүүгийн байгууллагын үр нөлөө маш их. Үүнийг бодлого тодорхойлогчдод хүргэх ёстой.  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан өнөөдрийг хүртэл банк бусаар дамжуулж олгохгүй байна. 390 гаруй мянган харилцагчтай банк бусын салбар зөвхөн өөрийн хөрөнгөөрөө санхүүгийн үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ салбарыг төр ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэхэд ашигламаар байна. Нэг нь ч дампуураагүй, хамгийн чадвартай байгууллагууд шүү дээ. Ийм салбарыг ашиглаж, санхүүгийн үйл ажиллагааг хүртээмжтэй хүргээч гэсэн асуудлыг төрд тавьж байна.

.

-Та бүхэнд чадвар чадамж нь байгаа юм байна. Төрийн зүгээс ямар дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа вэ?

-Төрөөс хэрэгжүүлж байгаа янз бүрийн төсөл хөтөлбөрөө банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулмаар байгаа юм. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа яг эзэддээ хүрч байна уу гэдэг том асуудал. Дандаа л томчууд нь давуу эрхтэй байдаг. Харин жижгүүдэд хүрэхгүй байгаа нь тэр сангийн тарааж байгаа санхүүгийн үйлчилгээ болохгүй байна гэсэн үг. Хашаа байшинг хаусжуулах төсөл хэрэгтэй байна. Хуримтлалгүй урьдчилгаа төлж чадахгүй хэсэг нь ядуу хэвээрээ үлдэж байна. Хотын захиргаанаас хашааг орон сууцжуулах хөтөлбөр явуулж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн байршил сайтай газруудыг л хамардаг. Хотын захын хэсэг нь үлдчихээд байгаа. Тэгэхээр ард иргэдээ ялгаварлахгүйгээр санхүүгийн үйлчилгээг хүргэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд итгээд зээл өгөөд байхад төр биднийг тоодоггүй.

.

В.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ulshvv:
Ted ard tvmniig yaj shulah be gej boddogdoo.ted zeelsen mongoo uridchilaad tolsonch hvvgee avdag yum bilee bvtneer ni
2013-09-18