Уянга суманд “урт нэртэй” хууль үйлчилдэггүй

img

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Уянга сумын нутагт олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд энэ сарын 9-12-ны өдрүүдэд шалгалт хийжээ. Уг шалгалтыг аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Татварын хэлтсээс хамтран “Онолт мөнх” , “Аум-Алт”, “Тайга-Инвест” зэрэг зургаан ХХК-нд шалгалт хийжээ.

.

Энэ үеэр үүсмэл орд дээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүд ашигт малтмал олборлох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр Засгийн газрын тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүсэд угаах төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Энэ нь “Ашигт малтмалын тухай”, “Усны тухай”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай” зэрэг олон хуулийг зөрчиж буй юм байна. Үүгээр ч тогтохгүй Уянга сумын 6 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ш.Батбаяр “Хамтран ажиллах, харилцан туслах” гэрээг “Арвайн-Уянга”, “Уянга-Итгэл” зэрэг компаниудтай байгуулж, олборлолт явуулахыг нь хууль бусаар зөвшөөрчээ.  Түүнчлэн ус ашиглах дүгнэлтгүй үйл ажиллагаа эхлүүлсэн “Онолт мөнх”ХХК, Бөөрөлжүүт газарт үйл ажиллагаа зөвшөөрөлгүй эхлүүлсэн “Шар зүлэг”, “Соёл-Арвижих”, “Сэнгэ-Адэр”, “Энх-Онолт”, “Арвайн-Уянга” зэрэг ХХК-уудын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоосон аж. Үүнээс үзэхэд “урт нэртэй” хуулийн хэрэгжилт хангалтгүй, нөхөн сэргээлт хийх нэрийн дор ашигт малтмал олборлох сонирхол байгааг шалгалт хийсэн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нар хэлжээ. Мөн техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай хэдийгээр жил бүр нэмэгдэж байгаа ч стандартын шаардлага хангахгүй байгаа аж.

.

Шалтгалтын үеэр мөн шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүд холбогдох газраар хянуулж батлуулсан уулын ажлын төлөвлөгөө болон байгаль хамгаалах төлөвлөгөөгүй, 2013 оны газар, ус ашиглах гэрээ хийгээгүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй зэрэг олон зөрчил илэрчээ. Шалгалтын дүн эцэслэн гараагүй байгаа бөгөөд энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pppppppppp:
zogsoo
2013-09-19