Иргэний нисэхийн салбарынхан зөвлөлдөж байна
Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газраас “Салбарын шинэчлэл-2013” зөвөлгөөн “Туушин” зочид буудалд болж байна. Тус зөвөлгөөнд Зам тээврийн сайд А.Гансүх, Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд орон нутгийн нисэх буудлын дарга нар болон бусад агаарын тээврийн компаниудын төлөөлөл нийт 200 хүн оролцож байгаа юм. Энэ үеэр Зам тээврийн сайд А.Гансүх “Иргэний нисэхийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэхэд баримтлах бодлого”-ыг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аар баталсан. Үүнд салбарын бүхий л асуудлыг цогцоор нь тусгасан байгаа. Тухайлбал, төрийн хүлээх үүрэг, ажлын зохион байгуулалт, олон улсын, орон нутгийн, болон нөөц буудал хаана байх вэ гэх мэт. Мөн тэдгээр ажлыг ямар санхүүжилтээр, хэр хугацаанд хийх зэрэг бүгд туссан. Бид өнөөдөр 2016, 2020 гэсэн хоёр шаттайгаар шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам бодлого төлөвлөлтөө ярьж байна” гэсэн. Харин Хөшигийн хөндийн онгоцны буудлын ажил хэр түвшинд явагдаж байна гэсэн асуултад “Хөрс хуулалтын ажил 90 хувьтай, бүх цутгалт эхэлсэн. 2016 оны 12 дугаар сард ашиглалтад орохоор ажиллаж байна” гэлээ. Мөн Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөх, үйл ажиллагааг нь сайжруулах чиглэлээр дахин төлөвлөлт хийж байгаа аж. Дашрамд дуулгахад манай улсын иргэний агаарын тээврийн бүртгэлд 51 агаарын хөлөг байдгаас 33 нь нислэгт тэнцэх чадварын хүчин төгөлдөр гэрчилгээтэй байна. Мөн дотоодын агаарын тээврийн 10 компани үйл ажиллагаа явуулж байгаа юм. Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ