
"Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөхөөр болжээ. Хотын шинэ дэд төвүүд, суурьшлийн бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу инженерийн дэд бүтэц бие даасан дулааны шинэ эх үүсвэр, бага оврын цэвэрлэх байгууламж, дулаан хангамж, цэвэр бохир усны шугам сүлжээг барьж байгаа тул иргэд, хэрэглэгчдийн тав тухтай байдлыг хангах, инженерийн байгууламжийн техник технологи, ашиглалтын бодлогыг эхнээс нь зөв төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” –ыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” болгон нэр, дүрэм, бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөх шаардлагатай болсон.
Ингэснээр нийслэлд хэсэгчилсэн дулаан хангамжаар одоогоор ашиглагдаж байгаа 200 халаалтын зуухны техник, технологи ашиглалтын бодлого зохицуулан, агаарын бохирдлыг бууруулах, нэгдсэн удирдлагын төвтэй нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, хэсэгчилсэн инженерийн байгууламжийн мэдээллийн нэгдсэн сангийн систем бий болох аж. Өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн уг асуудлыг олонхийн саналаар тогтоол гаргаж баталсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ