Зодооны улмаас 16 хоригдол амиа алджээ
Венесуэлийн баруун хэсэгт байрладаг Маракайбогийн Сабанета хэмээх шоронд өчигдөр 16 хоригдол алагдлаа хэмээн ВВС агентлаг мэдээллээ. Тус улсын шоронгийн асуудал хариуцсан сайд Айрис Варелагийн мэдээлснээр амиа алдсан хоригдлуудын 15 нь өрсөлдөгч бүлэглэлтэй зодолдож байх үедээ үхлийн шарх авсан гэнэ. Харин нэг хоригдол өөр хэрэг явдлын улмаас амиа алдсан байх магадлалтай гэжээ.
Хүний эрхийн байгууллагууд Венесуэлийн шоронгууд олон хоригдолтой байдаг хэмээн онцолж, “хүчтэй нь хүчгүйгээ дийлэх” гэх ганцхан хууль үйлчилдэг нь нөлөөлдөг гэсэн байна. Мөн хоригдлуудын мэдээллээр тэдний зодолдож байхад хяналт суларч хоорондоо тэмцэлдэхийг харгалзагч нар нь өөрсдөө уриалдаг гэнэ. Тэд ялагдсан хоригдлыг 7-10 хоног бусдаас тусгаарлаж, тамлан зовоодог болохоор байнга зодоон гардаг хэмээдэг байна.
Сабанета шорон нь 4000 гаруй хоригдолтой бөгөөд Венесуэлийн хоёр дахь том шоронд тооцогддог байна. Энэхүү шорон нь байх хэмжээнээсээ тав дахин их хоригдол байршуулдаг ажээ. Хоёр сарын дотор 500 гаруй хоригдол шоронгийн зодооноор амиа алдсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ