Төмс, хүнсний ногоо кг нь 500 төгрөгийн үнэтэй байна
Үндэсний үйлдвэрлэгч, газар тариалан эрхлэгчдийг хэрэглэгчидтэй шууд холбодог “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвд нээлтээ хийлээ. Засгийн газраас 8 дахь жилдээ зохион байгуулж буй энэ жилийн нэгдсэн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан болон Францын Рон-Альп мужийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Франсуа Тюрка тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Нээлтийн үеэр арга хэмжээнд оролцогчдод зориулсан бяцхан урлагийн тоглолт болов.
.
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохиогдож буй “Эрүүл хүнс-2013” үзэсгэлэн худалдаа өчигдрөөс эхлээд 7 хоногийн хугацаатай зохиогдох бөгөөд нийт 120 гаруй аж ахуй нэгж оролцож байсан юм. “Дүнжингарав” худалдааны төв дотроо зохиогдож байгаа энэ удаагийн “Эрүүл хүнс-2013” худалдаанд манай улсын томоохон үйлдвэрлэгчдээс эхлээд хөдөө орон нутгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна. Энд цэвэр аарцны ааруул чихэртэй, чихэргүйгээсээ болон үйлдвэрлэгдсэн орон нутгаасаа хамаараард кг нь 8000-15000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Харин тогооны өрөм 6000-8000 төгрөг, айраг литр нь 2500 төгрөгийн үнэтэй байлаа. Түүнчлэн зөгийн бал, утсан загас, махан бүтээгдэхүүн гэх мэтчилэн өнгөрсөн жилүүдэд “Намрын ногоон өдрүүд”-ээр худалдаалагдаж байсан дотооддоо үйлдвэрлэж буй бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн энд байгаа харагдав.
.
Ховд гэх мэтчилэн холын аймгуудаас ирсэн оролцогчид зам зардлын тал дээр аймгийн Засаг даргын Тамгын газраас туслалцаа үзүүлэхийг дээрх арга хэмжээний үеэр хүсч байлаа. Мөн ийм төрлийн томоохон үзэсгэлэн зохион байгуулахдаа аймгуудад хугацааг нь дэндүү давчуу зарлаж байгааг оролцогчид шүүмжилж байв.
.
Харин “Дүнжингарав” худалдааны төвийн гадаа талбайд төмс, хүнсний ногооны “Алтан намар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Энэ сарын 5-аас 10 дугаар сарын 15-ныг хүртэл явагдах тус үзэсгэлэн худалдаанд нийт 16 аймгийн 6 аж ахуйн нэгжийн 20 гаруй хоршоо, 200 гаруй ногоочдын бүлэг оролцож байлаа. Энд худалдаалагдаж буй төмс, манжин, лууван, байцаа зэрэг хүнсний ногоо кг нь 500-700 төгрөгийн үнэтэй байна. Харин сонгино кг нь 1500 төгрөг, тарвас кг нь 2000-2500 төгрөг, сүлжсэн саримс 5000-6000 төгрөг, харин кг нь 8000 төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн “Алтан намар” үзэсгэлэнд аньс, нэрс, чацаргана, мойл, хад, нохойн хошуу гэх мэтчилэн байгалийн зэрлэг жимснүүдийг кг-ийг нь 5000-6000 төгрөгөөр борлуулж байлаа.
.
Сэлэнгэ аймгийн Мандал сумаас оролцож буй Т.Саранцэцэг ”Энэ жил бороо хур ихтэй байсан болохоор ургац сайн авсан. Би энэ үзэсгэлэн худалдаанд 2 тонн ногоотой ирсэн. Гэвч өнгөрсөн жилтэй харьцуулахад борлуулалт жаахан муу байна. Энэ нь хүмүүст үзэсгэлэн худалдааны талаарх мэдээлэл муу байгаатай холбоотой юм болов уу” хэмээн ярьж байсан юм. Хүнсний ногооны худалдааны дэргэд түр лабораторийг ажиллуулж, тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн нүдэн дээр эрүүл, чанартай эсэхийг шинжлэх боломжийг бүрдүүлжээ. Иймээс авсан бүтээгдэхүүндээ эргэлзэж байгаа хэрэглэгчид уг лабораториудаар үйлчлүүлэх боломжтойг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан хэлж байв. “Алтан намар” үзэсгэлэн худалдааны үеэр төмс, хүнсний ногооны сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн үзэсгэлэн мөн гарч байна.
.
Дашрамд дурдахад, Франц улсын Рон-Альп мужийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч манай улсын хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг хоорондоо нэгдэн хоршоололд орж чадвал үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг дээрх нэгдсэн арга хэмжээний үеэр хэлж байв. Учир нь хоршоолол болсноор нэгэндээ тулгарч буй хүндрэл бэрхшээл болон бүтээгдэхүүнээ борлуулах гэх мэт олон асуудлыг хамтаараа шийдэх боломж бүрддэг байна. Франц улсын хөдөө аж ахуйн салбар ийм маягаар хөгжиж, дэлхийд тэргүүлэх байрыг эзэлжээ.
А.Энхжаргал
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ