Лондон хотын захирагч Монголын үнэт цаасны зах зээлтэй танилцав
Лондон хотын захирагч Лорд Мэйр Рожер Гиффорд өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид айлчиллаа. Тэрээр энэ долоо хоногийн сүүлийн өдрийн арилжааг нээн, цан цохисон юм. Мөн энэ үеэрээ Монгол улсын Хөрөнгийн бирж, Лондонгийн Хөрөнгийн биржийн хамтын ажиллагаа, “ажлын мастер гэрээ”-ний хэрэгжилт болон дотоодын үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаатай танилцлаа.
.
Лорд Мэйр Рожер Гиффорд “Санхүүгийн систем оновчтой байх эсэх нь Хөрөнгийн биржээс шууд хамааралтай. Монголын нэг хүнд ногдох ДНБ 2020 он гэхэд дөрөв дахин өсөх таамаглал байгаа. Иймээс Монголын эдийн засгийн өргөн цар хүрээг хамарсан өсөлтийн суурийг тавих найдвартай санхүүгийн үйлчилгээг дэмжин хөгжүүлэх нь нэн чухал байгаа тул энэ тал дээр Лондон хотын зүгээс хамтран, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх болно” хэмээв.
.
Монгол улсын хөрөнгийн зах зээлийг цогцоор нь хөгжүүлж, олон улсын түвшинд хүргэх үүднээс Лондонгийн хөрөнгийн бирж групптэй байгуулсан "ажлын мастер гэрээ"-ний хүрээнд олон ажлыг хийжээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчныг шинэчлэх, салбарын хэмжээнд технологийн шинэчлэл хийх, мэргэжилтнүүдээ чадавхижуулах чиглэлээр ажиллажээ. Энэ талаар Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдаад удаагүй байгаа. Энэ хуулийн хүрээнд бид хөрөнгийн зах зээл дээр сонгодог утгаараа үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа юм. Хөрөнгийн зах зээл цаашид улсынхаа эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулах эхлэл тавигдлаа гэж ойлгож болно” хэмээн ярьсан юм.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ