“T-ARA”: Монгол гадаадын орон шиг сэтгэгдэл төрүүлсэнгүй
Солонгосын алдарт “T-ARA”, Divichi, Speed, The Seeya хамтлагууд Монголд иржээ. Тэд өнөөдөр Чингэс хаан зочид буудалд мэдээлэл хийж, монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцсан юм. Энэ үеэр “ETV”-ийн захирал Ц.Энхбат “Солонгосын “Core contents media” компанид харьяалагддаг “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатар хотноо зочилж, тоглолтоо маргааш хийх гэж байна. Тус хамтлагийг манай “ETV” телевиз, “IHC” компани хамтран Монголд урьсан. Маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч өөр өөр ба энгийн тасалбар 35 мянга, тусгай ангиллынх 60 мянга, VIP тасалбар 350 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна” гэв.
.
Хэвлэлийн хурлын үеэр “T-ARA” хамтлагаас хэдэн асуулт асуусан юм.
.
-Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Монголд ирсэндээ бид үнэхээр их баярлаж байна. Монголын томоохон телевиз болох “ETV”-ийн урилгыг аваад анх удаа танай улсад ирлээ. Монгол гадаадын ямар нэг улсад ирсэн мэт сэтгэгдэл төрүүлээгүй. Яг л найз нөхөд, ах дүү, хамаатан садангындаа ирсэн мэт сэтгэгдэл төрлөө. Монголчууд биднийг тийм их халуун дулаан хүлээж авсан гэсэн үг.
.
-Солонгос улс 50 сая орчим хүн амтай. Тэдний дундаас онцгойрон Солонгос төдийгүй, Азид нэрээ гаргахад багагүй хөдөлмөр зарсан байх. Тийм үү?
-Тиймээ. Бид ийм өндөрлөгт гарахын тулд багаасаа хөдөлмөрлөсөн. Өдөр бүр 10-12 цаг тасралтгүй бэлтгэл хийдэг. Бид хийх ажлын төлөвлөгөөгөө жилээр нь гаргадаг.
.
-Танай хамтлагийн нэр ямар утгатай юм бэ?
-“T-ARA” гэдэг бол сүйт бүсгүйн зүүдэг титэм гэсэн утгатай. Энэ нэрийнхээ утгаараа улам гялалзаж, гэрэлтэхийг хичээдэг.
.
-Танай хамтлагийн охидыг бусад хамтлагуудаас хамгийн дур булаам, хөөрхөн гэдэг. Яаж ингэж гоо сайхнаа хадгалдаг вэ?
-Та бүхэнд сайхан харагдаж байгаадаа баяртай байна. Бидний гадаад гоо үзэмж, имиджид манай make-up-ын баг анхаарал тавьдаг. Үүнээс гадна бид мөрөөдлийн ажлаа сэтгэл зүрхнээсээ хийж байгаагийн ач. Мөн хоолоо сайн идэж, байнга инээмсэглэхийг хичээдэг.
.
-Танай хамтлагийн дуучин Пак Жи Ён “Мөрөөдлөөс ч илүү” кинонд тоглосныг монголын залуус сайн мэддэг. Хамтлагийн ажлын хажуугаар кинод тоглох амаргүй байв уу?
-Тиймээ. Энэ бол миний анхны киноны дүр байсан. Тиймээс маш их хүндрэл бэрхшээл гарч байсан.
Энэ кинонд тоглоход манай хамтлагийнхан их дэмжсэн.
.
-Монголд клипны зураг авалт хийх гэж байгаа гэсэн үнэн үү?
-Ирэх 11 сарын 11-нд шинэ албомныхоо нээлтийг хийнэ. Үүнтэй холбогдуулан Монголд ирсэн айлчлалынхаа үеэр уран бүтээлийнхээ танилцуулга зураг авалтыг Монголын говьд хийх бодолтой байна.
.
-Та бүхэн манай улсад ирэхээсээ өмнө монголын хамтлага дуучдын дуунуудаас сонсож үзэв үү?
-Монголд ирэхээсээ өмнө танай улсын хамтлаг, дуучдын дуунуудыг сонсож үзсэн. Магадгүй танай улсын хамтлаг, дуучидтай цаашид хамтран ажиллахыг үгүйсгэхгүй.
.
-Монголд ирээд даарч байна уу?
-Монголыг хүйтэн гэж сонссон. Гэхдээ бидний бодож байсан шиг хүйтэн санагдахгүй байна.
.
- Сүүлийн асуултыг та бүхэнд үлдээе?
-Биднийг сайхан хүлээж авсан монголчууддаа баярлалаа. Маргааш болох тоглолт дээрээ бүгдээрээ эрч хүчтэй уулзацгаая.
.
-Баярлалаа.
Б.Цэрэндэжид Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ