Аж ахуйн нэгж, иргэдийг сая 580 мянган төгрөгөөр торгожээ

img

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт ургамал хамгаалах химийн бодис болон бордоо импортлох, худалдан борлуулах, тусгай зөвшөөрөлтэй 13 байгууллага, хүлэмж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 15 аж ахуй нэгж, иргэнд шалгалт хийжээ.

Уг шалгалтын явцад хүлэмжийн аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэний үйлдвэрлэсэн ургамал, ургамлын гаралтай түүхий эдээс 14 дээж авч хорио цээр, химийн бодис /нитрат, хлорт болон фосфор органик пестицид/-ын үлдэгдлийн шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргасан байна.

Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 60 гаруй хувь нь агуулахтай ч тухайн химийн бодисыг хадгалах нөхцлийг хангаагүй, химийн бодистой ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм боловсруулж, үйл ажиллагаандаа мөрддөггүй, хөрсөнд бүтцийн болон агрохимийн шинжилгээ хийлгүүлээгүй, бордоо сангасыг бэлтгэх технологи, агротехникийн заавар мөрдөж ажилладаггүй болох нь тогтоогджээ. Мөн тал хувь тухайн бодисын эрсдлийн үнэлгээ хийлгүүлээгүй, ажлын байранд галын дүгнэлт гаргуулаагүй, ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцасаар хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Дээрх шалгалтын үеэр давхардсан тоогоор 254 зөрчил илрүүлж, 58,6 хувийг газар дээр нь арилгуулж, “Дөрвөн түшиг”, “Түмэн сүйх”, “Наран зүг” ХХК зэрэг 9 аж ахуйн нэгжид 40 заалт бүхий албан шаардлага өгчээ. Түүнчлэн зөрчил гаргасан 5 байгууллага, иргэнд сая 580 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ авсан байна.

Энэхүү шалгалтад хамрагдвал зохих объектын 96 хувь хамрагдсанаас нийт 4 хууль, 1 журам, 1 тогтоолын 51 заалтын хэрэгжилт дунджаар 72.4 хувьтай байжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

#newmongolblog:
Аймшигтай гэмт xэрэг болцон юм шиг юун сүртэй сурвалжилаа вэ. Сая таван зуун ная юу юм ? мянган доллар xүрэxүү өнөөдөр ? Ямар аймар сүртэй шалгалт xийж, илрүүлж, тоо, тооцоог нь гаргаж арга xэмжээ авдаг юм бэ, энэ болж бүтэxгүй байгаа бүx муу мууxайг яг ингээд шалгадаг бол сайxнаа.
2013-09-21