
Унгарын Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид дахин хоёр медалийн эзэн боллоо.
Тэмцээний сүүлийн өдөр 72 кг-ийн жинд барилдсан МУГТ О.Бурмаа хүрэл медалийн төлөөх барилдааныг Молдавын бөх Саенко Светланатай хийж 3:0 онооны харьцаатайгаар яллаа. Тэрээр ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальтан болж байгаа юм. МУГТ О.Бурмаа “Хүч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин бөгөөд дасгалжуулагчаар нь Т.Сүхбаатар, Б.Төмөрбаатар нар ажилласан.
Харин “Хүч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ О.Насанбурмаа 67 кг-ийн жинд Хятадын тамирчин Зхоу Шангтингтай хүрэл медалийн төлөө барилдан, 2:1 харьцаатайгаар ялж хүрэл медаль хүртсэн юм. Түүний дасгалжуулагчаар Т.Сүхбаатар ажилласан бөгөөд О.Насанбурмаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн хүрэл медалтан боллоо.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ