“Ослын үеийн удирдлагын систем” сургалт болов

img

  АНУ-ын Ойн албаны гамшгийн менежер ноён Жон Вэндт, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн ажилтан ноён Крис Кнобэл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлан Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна. Айлчлалын хүрээнд холбогдох яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын албадын төлөөлөлтэй уулзаж, Монгол улсын гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалтын системд үнэлгээ хийсэн байна.   Тус төлөөлөгчид Монгол улсад гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд одоо ашиглагдаж буй гэнэтийн ослын удирдлагын системийг үнэлэх, АНУ-д ашиглагдаж буй “Ослын үеийн удирдлагын систем-Incident Command System /ICS/”-ийг Монгол улсын гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд ашиглах арга замыг тодорхойлох зорилгоор иржээ. “Ослын үеийн удирдлагын систем” сургалтыг өмнө нь хоёр удаа зохион байгуулж, төв, орон нутгийн 80 гаруй мэргэжилтэн, албан хаагчийг хамруулсан аж. Сургалтад хамрагдсан дээрхи албан хаагчдаас сонгон шалгаруулалт хийн гуравдах удаагийн дахин сургалтыг ирэх оны хавар зохион байгуулах бөгөөд төв, орон нутгийн анги байгууллагын албан хаагчдад “Ослын үеийн удирдлагын систем”-ийн чиглэлээр багшлах эрх олгох юм байна.   Монгол улсад болзошгүй газар хөдлөлтийн аюул өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ оны 6 дугаар сард АНУ-ын Ойн албанаас Булган аймгийн Онцгой байдлын газартай хамтран “Ослын үеийн удирдлагын систем” сургалтыг зохион байгуулж байжээ. А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ