Цагаачдын хууль шинээр төрөгсдийг онилж магадгүй
АНУ-д төрсөн хүүхдийн эцэг эх аль ч улсын иргэн бай хүүхэд 16 нас хүртлээ хуулиар төрийн ивээлд байна гэж Америкийн үндсэн хуульд заасан байдаг. Харин Оклахома, Жоржиа, Өмнөд Каролина, Пенсильван болон цагаачлалын хатуу бодлого барьдаг Аризона мужуудаас сонгогдсон Конгрессмэнүүд нэгдэн АНУ-д төрсөн цагаач иргэний хүүхдийг автоматаар иргэн болгодог хуулийг хүчингүй болгохоор чармайж байна. Тэд нэгэнт хууль бус цагаачидтай тэмцэж байгаа бол үндсээс нь эхлэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Харин хуулийн төслөө танилцуулсан хэвлэлийн бага хурал дээр эсэргүүцэгчид тэдний санааг хэд хэдэн удаа эсэргүүцжээ. Эсэргүүцэгчид “Энэ төсөл хүний эрх зөрчсөн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан байна” гэж хашгирч байжээ. Пенсильван мужаас сонгогдсон конгрессмэн Дэйрил Меткафэ энэ хуулийн төслийг ахалж байгаа бөгөөд өнгөрсөн жил цагаачдыг онилсон хууль Аризона мужид батлагдахад энэ эрхэм гол үүрэг гүйцэтгэжээ.
Дэйрил Меткафэ цагаачид болон Америкт төрсөн гадны иргэдийн хүүхдийг онилсон хуулийн төслөө бусдаар дэмжүүлэхээр компанит ажилдаа ороод байна. Дэйрил эрх баригчдад нөлөөлөх зорилгоор Конгрессийн анхны эрх мэдэл солигдох хуралдааны үед зориуд Вашингтонд иржээ. Тэрбээр цагаачдын тоо ихэссэн, тэд хууль бусаар хил нэвтэрч орж ирдэг учир бараг эзлэн түрэмгийлэл болж байна гэж үзэж байгаа юм байна. Харин Америкийн ард түмний эрх чөлөө байгууллагын Энди Хүүвэр энэ хуулийг эсэргүүцэж байгаа юм. Тэрбээр “Дэйрилийн энэ чармайлт нь Америкийн үндсэн хууль зөрчиж байна. Мужын хууль тогтоогчдод холбооны засгийн газраас дээгүүр эрх мэдэл байхгүй. Бусад мужуудын хашир туршлагатай ухаалаг Конгрессмэнүүд энэ хууль буруу гэдгийг мэдэж байгаа” гэжээ. Хууль санаачлагчид шинээр төрж байгаа хүүхдэд цагаачны болон Америкийн иргэний хүүхэд гэсэн тусдаа статус өгөхийг хүсэж байгаа бол эсэргүүцэгчид Америкийн ирээдүйг боомилсон арьс өнгөөр ялгаварласан хууль гэж үзэж байна.
Н. ЭДДИ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ