Явган зорчигч нарыг болгоомжтой явахыг зөвлөж байна
Ойрын өдрүүдэд зам талбайн халтиргаа гулгаа ихэсч, байгаа. Үүнээс үүдсэн зам тээврийн осол хэрэг нэмэгдсэн. Явган зорчигч авто машинд мөргүүлж, шүргүүлснээс гэмтэх тохиолдол ч ихэссэн юм. Тухайлбал өнгөрсөн хоногт зам тээврийн ослоор 10 хүн гэмтсэн. Үүний найм нь явган зорчигч байв.
Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг 25-р эмийн сангийн баруун урд замд Toyota Probox маркийн 87-41 УНР дугаартай автомашины жолооч Б нь явган зорчигч 44 настай Б-г мөргөж гэмтээжээ. Мөн Баянзүрх дүүргийн нутаг “Баянцээл” төвийн баруун замд Nissan Sunny 96-58 УНЛ дугаартай автомашины жолооч Т нь явган зорчигч 22 настай Б-г мөргөж гэмтээсэн юм.
Явган зорчигч өртсөн ослын шалтгаан нөхцөлийг судлахад ихэнх нь явган зорчигчийн буруутай үйлдэл байдаг юм.
Гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, гэрлэн дохионы заалт зөрчих, ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйх, зорчих хэсгээр явах, согтуугаар замын хөдөлгөөнд оролцож зорчих хэсгээр явах, хэвтэх зэргээс болж өөрсдөө хохирдог. Халтиргаа гулгаа ихтэй байгаа учир явган зорчигч нар дүрмээрээ, болгоомжтой явахыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ