М.Сономпил: Өвөл эрчим хүчний дутагдлаас болж хязгаарлалт хийхгүй

.
Шуурхай зөвлөгөөний эхэнд ЭХЯ-ны Бодогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулга хийжээ. Тэрээр “Эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд яамны зүгээс бодлого, үйл ажиллагааны хүрээнд олон ажлыг төлөвлөж хэрэгжүүлсны үр дүнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохих түвшинд хангасан” хэмээжээ. Тухайлбал Салхитын 50 мегваттын салхин станц ашиглалтад орж, ОХУ-аас нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг 30 мегваттаар нэмэгдүүлэх болсноор эрчим хүчний нөөцийг нийтдээ 80 мегваттаар нэмэгдүүлжээ. Цаашид дотоод зохион байгуулалт, хуваарилалтыг сайжруулснаар чамгүй нөөц бүрдүүлэх боломжтой аж. Салбарын хэмжээнд их болон урсгал засвар, шугамын өргөтгөлийн ажлууд графикийн дагуу хийгдсэнээр цахилгаан, дулааны дамжуулах чадал нэмэгдэж байгааг Ц.Баярбаатар хэлсэн байна. Шуурхай зөвлөгөөний үеэр салбарын үйлдвэр, аж ахуйн нэгжийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлынхаа талаар товч танилцуулж, тулгамдаж байгаа асуудлаа хөндөж тавьжээ. Тэр бүхэнд яамны удирдлагууд тодорхой хариулт өгч, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо хэлсэн аж. Энэ үеэр мөн ЭХЗХ-ны дарга С.Отгонбаяр “Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс олон жилийн турш яригдаж байсан эрчим хүчний үнэ тарифт зохих өөрчлөлт оруулснаар салбарын хэмжээнд алдагдал буурч, санхүүгийн чадамж тодорхой хэмжээгээр сайжрах болно. Бид тодорхой тооцоо судалгаа хийж үнэ тарифийг өөрчлөхдөө 2015 оны эхэн гэхэд эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн” гэв. Мөн ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт эрчим хүчний салбарт 500 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байгаа нь урьд хожид хийгдэж байгаагүй зүйл болохыг хэлжээ. Энэ бүхнийг хугацаанд нь чанартай гүйцэтгэснээр их бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах нөхцөл бүрдэх аж.
.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрчим хүчний сайд М.Сономпил “Энэ өвлийг өнөтэй давах бэлтгэлийг манай салбарынхан урьдын адил хангаж чадлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлын байдлыг харахад эрчим хүчний дутагдлаас болж хязгаарлалт хийх нөхцөл үүсэхээргүй байна. Осол аваар, хариуцлагагүй байдлаас болж тасалдал гарч байгаа гэдгийг онцгой анхаарч, энэ талаарх мэдээллийг олон нийтэд өгөхдөө ч үнэн хүргэж байх хэрэгтэй байна” хэмээжээ.
.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ