“Но”-той компанийг шалгах цаг нь болжээ
“Цахилгаан тээвэр” компани Шударга өрсөлдөөний тухай хууль зөрчснийг аудитын газар шалгаад тогтоожээ. Тодруулбал, том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооны зүгээс нийслэлийн Аудитын газарт хандан “Цахилгаан тээвэр” компанийг шалгуулах хүсэлт гаргасан аж. Уг хүсэлтийн дагуу Аудитын газар шалгаж, өнгөрсөн тавдугаар сард http://www.city.audit.mn вэб сайтдаа нээлттэйгээр байрлуулсан байна. Шалгалтын дүнд “Цахилгаан тээвэр” компанийн хууль бус үйлдлүүд илэрсэн тул нийслэлийн Аудитын газраас хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байгаа аж. “Цахилгаан тээвэр” компани хэд хэдэн үндэслэлээр хууль зөрчсөн. Тухайлбал, тус компани үйлчилж байгаа үнээсээ илүү нөхөн олговор авдаг гэжээ. Тухайлбал, том хүн троллейбусаар 200 төгрөгөөр, хүүхэд 100 төгрөгөөр үйлчилдэг. Гэтэл “Цахилгаан тээвэр”-ийнхэн нөхөн олговроо 400 төгрөгөөр тооцож авдаг гэнэ.
х
“Цахилгаан тээвэр” компани нийслэлийн нийт зорчигчдын гурван хувийг л тээвэрлэдэг бөгөөд дөрвөн чиглэлд л троллейбус явдаг. Тус компанийн 10 гаруй автобустай 44 троллейбус нийслэлийнхэнд үйлчилдэг. Харин том оврын 890 гаруй автобус нийслэлийн орчим чиглэлд үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнчлэн 1987 онд ашиглалтад орсон тролейбусны шугамын ашиглалтын хугацаа нь дуусчихсан байгаа аж. Магадгүй Мэргэжлийн хяналтынхан шалгаж үзээд ашиглах боломжгүй гээд акталчихвал Монбус, Доубус, мөн эко троллейбусууд зорчих замгүй болох аж. Замаа солино гэвэл асар өндөр өртөгтэй гэнэ. Учир нь тролейбусны цахилгаан шугам тэр чигээрээ зэс байдаг тул солино гэвэл хэдэн тэрбум төгрөг шаардагдана. Үүнийг нь шийдлээ гэхэд ашиглалтын зардал нь автобуснаас өндөр гарна гэдгийг ч нийслэлийн Аудитын газар шалгажээ. Тэд ингэхдээ замаа бэлтгээгүй байж үйлдвэрлэлээ дэмжиж байнэ хэмээн дүгнэсэн аж.
х
Цахилгаан тээврийн явах цахилгаан шугам ашиглалт нь дуусчихсан учраас ашиглалтын зардалд нь тооцогдохоо больсон тул хэрэглэсэн цахилгааны зардлыг улсаас хөнгөлттэй үнээр олгодог байна. Түүнчлэн Баянгол болон Сонгинохайрхан дүүргийн гэрэлтүүлэг, цахилгааныг хариуцдаг “Цахилгаан тээвэр” компани барилгаа тэр чигээр нь түрээслүүлдэг. Хувийн компаниудад шугам болон гараагаа түрээслэдэг зэрэг олон асуудлыг шалгаж, цахилгаан тээвэрлэлт, цахилгаан автобус, зүгээр автобусаа салгаад, удирдлагуудыг нь өөр өөр болгох хэрэгтэй гэсэн дүгнэлт Аудитын газраас гаргажээ. Мөн тус компани нийслэлийн гэдэг утгээраа олсон орлогын 60 хувийг нийслэлийн өмчид өгөх ёстой байдаг аж. Гэтэл “Цахилгаан тээвэр” компани өөрсдөө зарцуулдаг нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэж Аудитын газар дүгнэсэн байна.
а
Нийслэлийн аудитын газраас 2013 онд “Цахилгаан тээвэр” компанид хийсэн шалгалтын дүгнэлтээс сийрүүлье.
- Шинээр монбус, дуобус угсарч үйлдвэрлэхээс илүүтэй өөрийн үндсэн чиг үүрэг болох нийтийн цахилгаан тээврийн хэрэгслийн кабель шугам, дэд станц, конткактын сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн асуудалд түлхүү анхаарал хандуулах. Троллейбусны цахилгаан хангамж, контактын сүлжээ, барилга байгууламжуудыг анх хүлээн авснаас хойших хугацаанд нэг ч удаа өргөтгөл шинэчлэл хийгээгүй байна.
- Цахилгаан тээврийн хуваарилалтыг дамжуулах 13 дэд станцаас найман станц хэвийн ажиллаж, нэг станцыг ашиглах боломжтой, дөрвөн дэд станц ашиглагдах боломжгүй болсон. Цаашид цахилгаан тээврийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхэд дэд станцын хүчин чадал хүрэхгүй байх нөхцөл бүрдсэн.
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.1, НИТХ-ын 2009 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийг түрээслүүлэх журмын 3.8, ННТГ-тай байгуулсан 1-03 дугаартай “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгүүлэх тухай гэрээ”-ий 2.2.11 дэх заалтуудыг тус тус зөрчин “Ботаник-Вокзал” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани, “Ази сервис” ХХК-ийн хооронд “Троллейбус ашиглалтаар хамтран ажиллах гэрээ”, М:26 буюу “Их наран-5 шар- МУИС” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани “Эрдү” ХХК-ийн хоороонд “Шугамын үйлчилгээнд автобус хамтран ашиглах гэрээ”, М:26 буюу “Их наран-5 шар- МУИС” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани, “Агь трейд” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус хамтран ашиглах гэгээг байгуулж, шугамын үйлчилгээг бусдад шилжүүлсэн байна.
- Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр бус байх дээрх гэрээнүүдийг тодруулж үзэхэд тус компанийн захирал Д.Жаргалсайхан нь эрхээ хэтрүүлж, дэд захирал Я.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Ази сервис” ХХК-д Т-4 чиглэлийг, өөрийн төрсөн охин Ж.Содбилэгийн үүсгэн байгуулсан “Эрдү” ХХК-д М:26 чиглэлийг гэрээ байгуулан түрээсээр олгосон нь 1999 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 81.2, 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84.4.6, НӨХГ-тай байгуулсан контрактийн 4.5 заалтыг тус тус зөрчиж байна.
... гэх мэтчилэн дурьджээ.
“Цахилгаан тээвэр” компанийн тролейбуснууд цахилгааны гэмтлийн улмаас зогсох асуудал ч цөөнгүй гардаг. Гэтэл тус компанийн захирал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өөрийн төрсөн охиндоо шугамын үйлчилгээний чиглэл түрээслэсэн аж. Ингэж түрээслэхдээ орон нутгийн өмчийг түрээслэх тухай бодлогыг зөрчиж, 2.2 сая төгрөг дутуу тооцсон, түрээсийн орлогоос төсөвт төвлөрүүлэх ёстой 277.1 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй гэх зэрэг зөрчил байгааг ч уг шалгалтаар тогтоосон байна. Тэр ч бүү хэл, троллейбусны эцсийн зогсоолуудын талбайг хувийн компаниудад сарын 0.3-0.6 сая төгрөгөөр түрээсэлж, зориулалтаар ашиглахгүй байгаа зэргийг аудитын дүгнэлтэд мөн дурьдсан байна.
а
Хамгийн гол нь нийслэлийн иргэдэд троллейбусаар үйлчилдэг “Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайхантай холбоотой элдэв хэргүүд гарч байсан ч нэг их сүр дуулиан бололгүй намждаг. Учир нь тус компани Монбус, Доубус зэрэг тролейбус үйлдвэрлэж монголдоо анхдагч болж чадсан гэсэн нэр хүндтэй нь холбоотой гэнэ. Гэвч Нийслэлийн аудитын газраас хийсэн шалгалтаас харахад “Цахилгаан тээвэр” компанид МИАТ-ын удирдлагуудаас дутахааргүй асуудал мөнгөний асуудал яригдана гэдэг нь шалгалтаар нэгэнт тодорхой болжээ. Тиймээс хууль, хяналтынхан, тагнуулынхан тус байгууллагыг шалгаж үзэх цаг нь хэдийнээ болсон бололтой.
Жич: Шалгалтын дүгнэлтийг танилцуулж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ