Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хэрэгжүүлж буй нэгэн ажил болох “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян”-ы талаар тус хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Г.Энхбаяраас тодрууллаа.
-
“Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян” хэзээнээс эхэлсэн бэ. Анх удаа зохион байгуулж байна уу?
-Энэхүү аян өнгөрсөн долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 16-аас эхэлсэн. Өнөөдөр дуусч байна. Манай Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ажил олгогч байгууллага болон хувь хүмүүсээс ажлын байрны саналууд маш олноор ирэх болсон. Тиймээс эдгээр ажлын байрыг ажил хайж буй иргэдэд танилцуулах, ажилтан хайж буй компани, хувь буюу ажил олгогчдод манайд бүртгэлтэй байгаа ажил хайгчдыг танилцуулах зорилгоор энэ аяныг хийх болсон. Тэд манай байгууллагат шаардлагатай ажилтны захиалгыг өгснөөр хэрэгцээтэй боловсон хүчнээ сонгож авах боломж бүрдэж байгаа юм.
-
Хэчнээн хүн хамрагдаж анкет бөглөв. Түүнээс хэд нь ажлын байраар хангагдсан бэ?
-Нийт 1300 орчим хүн хамрагдаж анкет бөглөж, хөдөлмөрийн төв биржийн хүний нөөцөд бүртгүүлсэн. Цагийн ажлын байранд 600 орчим хүн бүртгүүлснээс 150 нь ажилтай болсон. Харин байнгын ажлын байранд 700 хүн бүртгүүлж, 200 гаруй нь ажлын байраар хангагдсан. Бид долоо хоногийн хугацаанд 300 гаруй хүнийг ажлын байраар хангаж, мянга гаруйг хүний нөөцдөө бүртгэлээ. Цаашид энэхүү бүртгүүлсэн иргэдийг ажлын байранд зуучлана. Мөн ажилд орж чадахгүй байгаа залуучууддаа мэргэжлийн чиг баримжаа олгох зөвөлгөө өгч эхлэх гэж байгаа.
-Аянд хамрагдан бүргүүлж чадаагүй, ажил хайгчид танай хүний нөөцөд бүртгүүлэх боломжтой юу?
-Болно. Ажил идэвхтэй хайж буй хүмүүс маань нэг хувь цээж зурагтайгаа Монголын залуучуудын холбооны байрны 103 тоот буюу Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ирэхэд л хангалттай. Ямар нэгэн төлбөр хураамж байхгүй. Бид энэхүү аянаас гадна СБД, СХД, БЗД-үүдээр явж, ажил идэвхтэй хайж буй залуучуудаас нь санал асуулга авч, тэдэнд манайд байгаа ажлын байруудаа танилцуулан, анкет бөглүүлэн, ажлын байранд зуучилсан.
-Хөдөө орон нутагт байгаа ажил хайж буй хүн хэрхэн хамрагдах вэ?
-Болно. МЗХ-ны салбар зөвлөл 21 аймагт бий. Түүгээр дамжуулан хамрагдах боломжтой. Тун удахгүй манай вэб сайт ашиглалтад орохоор цахимаар харилцах. Бид ялангуяа хөдөө орон нутгаас бүтээн байгуулалтын салбарт ажиллах залуучуудыг ажилд зуучлахаар ажиллаж байна. Тухайлбал Дундговь аймгийн автозам дээр ажиллуулахаар Дорнод, Сүхбаатар аймгийн ажил хайж байсан залуучуудыг баг болгон ажиллуулахаар явууллаа. Үүнээс гадна Баян-Өлгий, Ховд аймгийн автозам эрчим хүчний бүтээн байгуулалтын ажлын санал ирсэн. Үүнд аль ч орон нутгийн үнэхээр ажил хийх хүсэлтэй залуучуудыг зуучлан ажиллуулна байгаа
-Ажил идэвхтэй хайж буй хүмүүс боловсролын түвшин болон насны хувьд ямар байна вэ?
-Янз бүр байна. Гэхдээ дээд боловсролтой хүмүүс дийлэнх хувийг нь эзэлж байна. Мөн оюутнууд нэлээн их хамрагдаж байгаа. Насны хувьд гэвэл хөдөлмөрийн насны иргэд бүртгүүлж байна. 35-аас дээш 40-50 насны хүмүүс ч анкет бөглөж байгаа.
-
Ажлын байранд ихэнхдээ ямар мэргэжилтэй хүмүүс бүртгүүлж байна вэ?
-Төрөл бүрийн л мэргэжилтэй хүмүүс байна. Гэхдээ шинээр төгссөн болон урьд нь ажиллаж байсан багш мэргэжилтэй хүн олноор анкет бөглөж байна. Үүний дагуу бид БШУЯаманд багшлах боловсон хүчин дутагдалтай байгаа аймаг, орон нутгийн сургуулиудын жагсаалтыг гаргаж өгөх тухай албан тоот хүргүүлсэн. Гэвч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна. Бүртгүүлсэн хүмүүс маань хаана ч хамаагүй ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн.
-
Өнгөрөгч долдугаар сарын нэгнээс энэ сарын нэгэн хүртэл хэрэгжсэн “Сумын залуус” төслийн урамшуулалыг хэзээ олгох вэ?
-Энэхүү төсөл манай улсын 21 аймгийн сумдад хэрэгжиж нийтдээ 1000 гаруй залуус хамрагдан ажилласан. Цалин урамшуулал Сангийн яамнаас санхүүжилт орж ирэхээр өгөгдөнө. Манай байгууллагаас шалтгаалах ажил дууссан бөгөөд бид ажилласан залуучуудынхаа мэдээллийг бэлдчихсэн байгаа. Одоо санхүүжилт орж ирэх л дутуу байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ