Зарим сургууль, цэцэрлэгийн халаалтыг өгөөгүй байна

img

  Өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нар өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр өнөөдөр мэдээлэл хийлээ.   Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн  “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар 03-ны А/445 тоот “2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай”, А/444  тоот “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах байнгын ажиллагаатай комисс томилох тухай” захирамжуудад нийцүүлэн УСУГ үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Сүүлийн 14 хоногт олборлон шахаж буй усны хэмжээ хэвийн буюу 150 000м3  орчим байсан бол бохир усны хэмжээ 9-р сарын 17-ноос нэмэгдэж хоногт 190 000м3 хүрсэн нь Цэвэрлэх байгууламжийн ачааллыг эрс нэмэгдүүлж, горим алдагдахад хүргэсэн. Энэ нь сүүлийн 10 жилд нэмэгдэж байгаагүй үзүүлэлт бөгөөд шуурхай арга хэмжээ авч усны хэмжээг багасгасан. Улс, нийслэл, байгууллагын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц  90 хувьтай байна” гэлээ.   Нийслэлийн Засаг даргын А/861 тоот захирамжийн дагуу “Горим ажиллагааны хөтөлбөр” боловсруулан, батлуулж орон сууцны  хорооллууд, сургууль, цэцэрлэг зарим тусгай газрын халаалт залгах ажлыг 9-р сарын 14-16-ны хооронд хэрэгжүүллээ. Өнөөдрийн байдлаар тоолуур солих болон зохих стандартыг хангаагүй зэргээс шалтгаалан 5 сургууль, 12 цэцэрлэг, 4 эмнэлгийн халаалтыг залгаагүй байна.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Насос станц №3-ын   цахилгаан хангамжийн дутуу ажлуудыг гүйцээх,  ДЦС-2 ХК-ны V зуухыг яаралтай ажиллагаанд оруулж, өвлийн оргил  ачааллын үед 850-1050 т/ц ачаалал авч ажиллах боломжийг бүрдүүлэх,  ДЦС-3 ХК даралт температурын батлагдсан горимыг барьж ажиллах, өвлийн   оргил ачааллын үед 8100-8300т/ц ачаалал авч ажиллах, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 2 гд, 6д магистралийн нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг 9-р сарын 25-ны дотор хийж дуусгахаар түргэвчилж  байна” гэж Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав мэдээллээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Орон Сууцны удирдах газрынхан худлаа ярихаа болио!!!Баянзүрхийн цагдаагийн орчмын дулааны шугамын засварын ажил аль 8 сарын 5 аас эхлээ биз дээ.. Тэнд одоог хүртэл онгойлгосон нүхээ хэзээ хучиж өгөх юм бэ? сар гаруй болоод байхад хийж байгаа ажил нь харагдахгүй л байна даа .......... Худлаа ярихаа болио боль
2013-09-23